"Монгол бөх ба шинжлэх ухаан" - Монгол бөхийн түүхэн дэх хамгийн шилдэг 20 бөх (2-р хэсэг)

AI хөрвүүлсэн

Монгол бөхийн түүхэн дэх хамгийн шилдэг бөх хэн бэ? Хиймэл оюун ухааны /AI/ тооцооллоор эхний хоёр бөхийн оноо яг тэнцүү гарлаа.

Бид 1925 оноос хойш өнөөг хүртэл улс, аймаг, заал, ойн гээд зохиогдсон нийт 249,050 барилдааны мэдээлэл дээр анализ хийж, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тооцож гаргалаа.

Бөхийн чадварыг шууд хэмжих боломжгүй тул барилдааны үр дүнгээс тооцоолон гаргав. Энд хүч гэдэг нь зөвхөн бие бялдар биш мэх, тэсвэр, туршлага, сэтгэл зүй гээд бөхийг давахад хүргэдэг бүхнийг нэгтгэсэн нэг тоо юм. Хэнийг давж, хэнд унасныг бүгдийг нь тооцоолж энэ тоог бөх бүрд олгосон бөгөөд хоёр бөхийн хүчний зөрөө их байх тусам хүчтэй нь давах магадлал өндөр.

Загвар нь барилдаан бүрийн дараа хүчийг шинэчилдэг. Хүчтэй бөхийг давбал хүч их нэмэгдэж, өөрөөсөө сул бөхийг давбал бага нэмэгдэнэ. Харин сул бөхөд унавал хасагдана. Бөхийн хүч жилээс жилд аажим өөрчлөгддөг тул бөх бүрийн жил бүрийн хүчийг тооцсон ба өөр өөр үеийн бөхчүүдийг шууд харьцуулах боломжгүй тул бөх бүрийг оргил 10 жилд нь тухайн үеийн шилдэг 30 бөхтэй харьцуулан гаргав. Энэхүү загварын томьёогоор сүүлийн 4 жилийн 73 мянган барилдааныг таамаглуулж үзэхэд 75 хувийн магадлалтай зөв таамагласан байна.

9 дүгээр байрт: Дархан аварга Г.Өсөхбаяр. Түүний өвөө домогт "Буур" хэмээх Жамъян аварга бөгөөд өвөөтэйгөө адил дархан аварга цолонд хүрсэн ховорхон удмын бөх.

8 дугаар байрт: Дархан аварга А.Сүхбат. "Жижиг" хочтой ч өөрөөсөө илүү том биетэй аварга, арслангуудыг уран мэх, ухаанаараа давж, үндэсний бөхөд шинэ уур амьсгал, өнгө төрх авчирсан гэж үздэг.

Контентыг видео хэлбэрээр үзэхийг хүсвэл ЭНД дарна уу

7 дугаар байрт: Дархан аварга Б.Түвдэндорж. Улсын наадамд 7 түрүүлсэн анхны бөх бөгөөд анхны дархан аварга юм.

6 дугаар байрт: Дархан аварга Б.Дамдин. Улсын наадамд 1956-аас 1960 он хүртэл 5 жил дараалан түрүүлсэн анхны бөх.

5 дугаар байрт: Улсын аварга Д.Хадбаатар. Монгол бөхийн түүхэнд төрсөн хамгийн их бяртай бөхчүүдийн нэг гэгддэг.

4 дүгээр байрт: Дархан аварга Д.Цэрэнтогтох. Монголын бүх ард түмний 6 дугаар спартакиадад түрүүлсэн амжилтаараа улсын аварга цол хүртэж байв.

3 дугаар байрт: Дархан аварга Ж.Мөнхбат. 1968 оны Мехикогийн олимпоос Монголын спортын түүхэн дэх анхны олимпын мөнгөн медалийг эх орондоо авчирсан.

Эхний хоёр бөхийн оноо яг тэнцсэн учраас анагаах ухаан, эдийн засгийн судалгаанд хэрэглэдэг bootstrap аргаар тэмцээнүүдийг санамсаргүйгээр сольж 40 удаа дахин тооцоход 22 удаа 1 дүгээр байрны бөх, 16 удаа 2 дугаар байрны бөх тэргүүлсэн тул уг тооцоон дээр үндэслэн эрэмбэлэв

2 дугаар байрт: Дархан аварга Б.Бат-Эрдэнэ. Улсын наадамд хамгийн олон түрүүлсэн бөх. Тэрээр 1989, 1990 оны хооронд 13 сар дараалан улс, аймаг, заалны ямар ч барилдаанд нэг ч уналгүй 100 гаруй даваа авсан давтагдашгүй амжилттай.

1 дүгээр байрт: Дархан аварга Х.Баянмөнх. Чөлөөт бөхийн дэлхийн аварга, олимпын мөнгөн медальт, самбо бөхийн дэлхийн аварга. Улсын баяр наадамд 10 түрүүлж, 26 удаа шөвгөрсөн амжилтаараа Монголын төдийгүй дэлхийн үндэсний бөхийн түүхэнд онцгой бичигддэг билээ.

"Монгол бөх ба шинжлэх ухаан" нэвтрүүлгийн дараагийн дугаарыг үзэхийг хүсвэл LIVETV.MN-ийг дагаарай. Таны бодлоор түүхэн дэх сүүлийн 20 жилийн хамгийн шилдэг бөх хэн бэ? 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.