Nike компани зах зээлийн байр сууриа сэргээх олон жилийн төлөвлөгөөгөө танилцууллаа
Спортын хувцас хэрэглэлийн тэргүүлэх үйлдвэрлэгч "Nike" корпорацын гүйцэтгэх захирал Эллиотт Хилл сүүлийн арван жилд анх удаа зохион байгуулсан хөрөнгө оруулагчдын уулзалтын үеэр компанийнхаа өнөөгийн нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгч, сэргэлтийн урт хугацааны төлөвлөгөөгөө зарлалаа.
Хувьцааны ханш нь сүүлийн 13 жилийн хамгийн доод түвшинд хүрсэн тус компанийн удирдагч "Бид өөрсдийн хүссэн хэмжээнд байж чадахгүй байна" хэмээн илэн далангүй мэдэгдсэн байна. Гэсэн хэдий ч тэрбээр олон арван жилийн турш бий болгосон давуу тал, тамирчдад үйлчлэх боломж болон зах зээлийн орон зайдаа тулгуурлан урт хугацаандаа тэсвэртэй байж чадна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Хэрэглэгчид илүү шинэлэг брэндүүдийг сонгох болсноор тус компанийн борлуулалт сүүлийн жилүүдэд буурч, зогсонги байдалд ороод байгаа юм. Үүссэн санхүүгийн хүндрэлийг даван туулах зорилгоор ирэх онд ажилтнуудынхаа дунд дахин цомхотгол хийхээр төлөвлөжээ. Энэ нь Эллиотт Хилл 2024 онд удирдлагыг гартаа авснаас хойш хэрэгжүүлж буй ажиллах хүчийг бууруулах дөрөв дэх давлагаа болох юм.
"Truist Securities" байгууллагын шинжээч Жозеф Сивеллогийн үзэж буйгаар тус брэндийн уналт нь өмнөх удирдлагын гаргасан алдаатай бодлогоос ихээхэн хамааралтай ажээ.
Компани бөөний худалдааны уламжлалт түншүүдээс татгалзан, өөрийн цахим хуудас болон шууд борлуулалтын дэлгүүрүүдээ чухалчилсан нь хэрэглэгчдээс хөндийрөхөд хүргэсэн байна. Үүний улмаас борлуулалтын бууралтыг цаг тухайд нь мэдрэх чадвараа алдаж, шинэлэг бүтээгдэхүүн хөгжүүлэхийн оронд "Air Jordan" зэрэг өмнөх цувралуудаа дахин худалдаанд гаргах төдийхнөөр назгайрсан гэж шинжээчид үзэв.
Шинэ гүйцэтгэх захирал энэ алдааг засч, бүтээгдэхүүнээ уламжлалт дэлгүүрүүдийн лангуу руу буцаан нийлүүлж эхэлжээ.
Тус корпорацыг уламжлалт худалдааны лангуунаас ухрах зуур "Brooks Running", "On", "Salomon" зэрэг брэндүүд хэрэглэгчдийг татаж, борлуулалтаа огцом өсгөсөн байна. Хэдийгээр эдгээр шинэ оролцогчид ерөнхий зах зээлийн хувьд жижигт тооцогдох ч шинэлэг шийдэл болон нийгмийн сүлжээний идэвхтэй маркетингтаа тулгуурлан олж авсан байр сууриа найдвартай хадгалж үлдэх төлөвтэй байна.
Компанийн удирдлагууд бизнесийн сэргэлтийг "Хурдан гүйлт биш, марафон гүйлт байх болно" хэмээн тодорхойлж, хөрөнгө оруулагчдаас тодорхой хугацаа шаардагдахыг санууллаа. Төлөвлөгөөний дагуу Хятадын зах зээл дэх борлуулалтыг 2029 санхүүгийн жилд тогтворжуулахаар зорьж байна. Улмаар 2030-2031 санхүүгийн жилд зах зээлийн дунджаас давсан өсөлт үзүүлж, 2031 он гэхэд орлогоо 5 тэрбум ам.доллароор нэмэгдүүлэх зорилт тавьжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.