🔴Н.Номтойбаяр: "Бодь"-ийн оффтейк гэрээг хянан шалгах түр хороо байгуулахыг УИХ-ын 87 гишүүн дэмжиж гарын үсэг зурсан
Тавантолгой–Гашуунсухайтын төмөр зам болон "Бодь интернэшнл" компанитай холбоотой гэрээний асуудлыг дахин шалгах УИХ-ын Хянан шалгах түр хороо байгуулах тогтоолын төсөлд УИХ-ын 86 гишүүн гарын үсэг зуржээ. Уг тогтоолын төслийг УИХ-д өргөн барихтай холбогдуулан санаачлагч гишүүний зүгээс хэвлэлийн хурал хийж, байр сууриа илэрхийллээ.
Мэдээллийн эхэнд тэрбээр, олон нийтийн дунд "Бодийн нууц гэрээ" гэж нэрлэгдсэн уг асуудал олон жил яригдаж байгаа бөгөөд 2023 онд УИХ-аас Хянан шалгах түр хороо байгуулагдан ажилласан ч бүрэн дүүрэн ажиллаж чадаагүй болохыг тухайн үед тус хороог ахалж байсан УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Б.Энхбаяр нотолж байсныг санууллаа. Тодруулбал, түр хорооны ажиллах хуулийн хугацаа дуусахаас урьд шөнө холбогдох санхүүгийн гүйлгээний чухал материалуудыг ирүүлснээс шалтгаалан бүрэн мэдээлэл хийж чадаагүй гэдгийг дурдсан юм.
Иймд уг асуудлыг дахин цогцоор нь шалгах шаардлагатай гэж үзэн, дараах хоёр үндсэн чиглэлээр Хянан шалгах түр хороо байгуулахаар төсөл санаачилжээ:
- Нэгдүгээрт: Тавантолгой–Гашуунсухайт чиглэлийн төмөр зам болон Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс (ҮАБЗ) нууцаар гаргасан зөвлөмжийн хүрээнд холбогдох Засгийн газар болон бусад байгууллагуудын гаргасан шийдвэрүүдийн үндэслэл, оновчтой байдлыг цогцоор нь шалгах;
- Хоёрдугаарт: Өмнө нь УИХ-ын гишүүн Б.Энхбаярын ахалж ажилласан Хянан шалгах түр хорооны үйл ажиллагаа, явцыг дүгнэх.
Уг түр хороог байгуулах санаачилгыг энэ оны гуравдугаар сарын 20-доор гаргаж, УИХ-ын гишүүдийн гарын үсгийг цуглуулж эхэлсэн байна. Анхандаа 17, улмаар 27 гишүүн дэмжиж гацаанд орж байсан бол хуульд заасан босго болох 32 гишүүний тооноос давж, өнөөдрийн байдлаар нийт 86 гишүүн гарын үсэг зураад байгааг онцлов. Түүнчлэн гадаад томилолттой болон өвчтэй байгаа гишүүд өргөн баригдсаны дараа нэмж гарын үсэг зурахаа мэдэгдсэнээр энэ тоо 90-д хүрэх төлөвтэй байгааг тэмдэглэлээ.
Түүнчлэн өмнө нь дэмжихээ илэрхийлж байсан гишүүд, тухайлбал А.Ариунзаяа, Х.Ганхуяг нар бүгд гарын үсгээ зурсан бөгөөд хэвлэлээр "зурна гэчихээд зураагүй" мэт ташаа ойлголт үүсгэхгүйн тулд эдгээр нэр бүхий гишүүдийн байр суурийг албан ёсоор тодотгож байгааг дурдав.
2019 оны ҮАБЗ-ийн нууц зөвлөмж ба үүссэн нөхцөл байдал
Мэдээлэлд дурдсанаар, 2019 онд ҮАБЗ-ийн 05/05 дугаартай зөвлөмж гарах үед тус зөвлөлийг Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга тэргүүлж, бүрэлдэхүүнд УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар ажиллаж байжээ. Уг зөвлөмжөөр төмөр зам болон нүүрсний оффтек гэрээтэй холбоотой хоёр асуудлыг төрийн нууцад хамааруулсан нь үндэслэлтэй эсэх талаар эргэлзээ, хардлага дагуулсаар ирсэн байна. Жишээлбэл, Засгийн газраас хэрэгжүүлж буй бусад төмөр замын бүтээн байгуулалт болон нүүрсний гэрээнүүд ил тод явж байхад зөвхөн энэ төслийг нууцалсан нь шалгах гол шалтгаан болж буйг онцоллоо.
Үүний дараа Засгийн газраас шийдвэрүүд гарч, "Эрдэнэс Тавантолгой" ХК, "Тавантолгой төмөр зам" ХХК болон "Бодь интернэшнл" ХХК-ийн хооронд төмөр замын бүтээн байгуулалт, санхүүжилтийн гэрээ байгуулагдсан байдаг. Гэрээнд гарын үсэг зурсан дараах холбогдох албан тушаалтнуудын хууль эрх зүйн нөхцөл байдлыг мөн дурдав:
- "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн захирал асан Б.Ганхуяг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэргээр ял шийтгүүлсэн;
- "Тавантолгой төмөр зам" ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Н.Удаанжаргал гадаад руу явсан;
- "Бодь интернэшнл" ХХК-ийн тухайн үеийн захирал А.Амундра мөн хилийн чанадад байгаа бөгөөд цахим сүлжээгээр дамжуулан үнэн бодит мэдээллийг өгөх, гэрчийн хамгаалалтад авах хүсэлтийг Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Б.Энхбаярт тавьж байсан.
Шалгалтын цар хүрээ, Засгийн газрын шийдвэр ба цаашдын алхам
Энэхүү сэдвийн хүрээнд өмнө нь албан тушаалтнууд болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дарамт шахалт, хуулийн хариуцлага хүлээж байсан, тухайлбал Зариг.мн сайтын эрхлэгч Н.Өнөрцэцэг уг асуудалтай холбоотой нууцын зэрэглэлтэй баримтыг нийтэлсэн үндэслэлээр ял авч байсныг дурдав. Мөн Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ ЗГХЭГ-ын дарга байхдаа уг баримтуудыг АТГ-т шалгуулахаар өгч байсан, хотын дарга Х.Нямбаатар ХЗДХ-ийн сайд байхдаа тодорхой мэдээллүүдийг ил болгож байсан зэрэг улс төрийн үйл явцыг нэгтгэн дүгнэж, аливаа гүтгэлэг, хардлагыг зогсоож зөвхөн нотлох баримтад түшиглэн эцэслэн шалгах цаг болсныг мэдэгдлээ.
Санхүүгийн тооцооллын хувьд 110 сая ам.долларын бэлэн мөнгө болон бусад санхүүжилтийн тооцоог "Эрдэнэс Тавантолгой" болон "Тавантолгой төмөр зам" компаниуд тайлан баланс дээрээ нийлж чаддаггүй аудитын дүгнэлт гарсан нь онц их хэмжээний авлига, албан тушаалын хэрэг байж болзошгүй гэж үзэж байгаа ажээ.
Үүнтэй холбогдуулан Засгийн газрын 11 дүгээр сарын 25-ны өдрийн хуралдаанаар Ерөнхий сайд 2019 оны ҮАБЗ-ийн 05/05 дугаар зөвлөмжийг төрийн нууцаас гаргаж ил болгох шийдвэр гаргасныг мэдээллээ. Энэ нь хууль хяналтын байгууллагууд болон АТГ уг асуудлыг бүрэн хэмжээнд шалгах эрх зүйн боломжийг нээж байгааг онцлов.
Сэтгүүлчдийн асуултад хариулахдаа дараах тодруулгуудыг өглөө:
- Хууль бус хөрөнгийг хураах тухай: АТГ нь хуулиараа өмч хөрөнгө шууд хураадаг субъект биш бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн сайд болон УИХ-ын гишүүн О.Алтангэрэл нарын санаачилсан авлигын замаар олсон хууль бус хөрөнгийг хураах тухай хуулийн төслүүдийг Засгийн газар дэмжиж, УИХ-аар хэлэлцүүлэхээр болсон. Энэ хууль батлагдсанаар холбогдох ажиллагаа хуулийн дагуу явагдах боломжтой болно.
- Түр хорооны бүтэц, хуулийн зохицуулалт: 2024 онд шинэчлэгдсэн УИХ-ын тухай хуулиар Засгийн газрын гишүүн түр хороог ахлах болон гишүүнээр оролцох нь ашиг сонирхлын зөрчил үүсгэх учир хориглосон зохицуулалттай болсон. Харин санаачлагч гишүүний зөвшилцлөөр түр хороо бүрэлдэхүүн дотроосоо даргаа сонгох хуулийн зохицуулалттайг тайлбарлав.
- Төмөр замын түүхэн нөхцөл байдал: Уг асуудал нь 2008 оноос эхлэлтэй бөгөөд 2018, 2019 оны ҮАБЗ-ийн хуралдааны тэмдэглэлүүд бүрэн ил болох ёстойг дурдаад, тухайн үеийн Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарын хэн нь ямар байр суурьтай байсныг тодорхой болгож, хариуцлага тооцох асуудал нотлох баримтад үндэслэх ёстойг онцоллоо.
Мэдээллийн төгсгөлд тэрбээр УИХ-ын 86 гишүүний гарын үсэгтэй Хянан шалгах түр хороо байгуулах тухай тогтоолын төслийг холбогдох үзэл баримтлал, танилцуулгын хамт УИХ-ын удирдлагад албан ёсоор өргөн барихаа мэдэгдлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.