19 аймаг, нийслэлээс 40 гаруй машин мах шинээр нийлүүллээ
“Өвлийн идэш-2026” өргөтгөсөн худалдаа хоёр дахь өдрөө амжилттай үргэлжилж байна. Өчигдөр буюу эхний өдөр 45 тонн мах борлуулагдсан бол өнөөдөр өглөө 19 аймаг, нийслэлээс 40 гаруй машин мах шинээр ирж, дундын зуучлалгүйгээр малчид, хоршоологчдын гар дээрээс иргэдэд хүрч байна. Өнөөдөр үдээс хойш нэмэлтээр мах ирэхийг зохион байгуулагчид мэдээлэв.
Худалдааны үеэр ХХААХҮЯ, Мал эмнэлгийн ерөнхий газар болон нийслэлийн харьяа газрын улсын байцаагчид худалдаа эрхлэгчдийг амны хаалт, зориулалтын хувцасаар хангаж, эрүүл ахуйн шаардлага хангуулахад зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж байгаа юм. Мөн явуулын лаборатори ажиллаж, мах, цагаан идээнд тогтмол шинжилгээ хийхийн зэрэгцээ мах жинлэх жинлүүрийн баталгаажилт, бүрэн бүтэн байдлыг тогтмол шалгаж байна.


Энэ удаагийн өргөтгөсөн худалдааны гол онцлог нь цахим худалдаа болон зээлийн үйлчилгээтэй уялдуулсан явдал юм. Тухайлбал, хүргэлтийн сүлжээ бүхий "Freshpack" платформтой хамтарч “Өвлийн идэш-2026” тусгай цэс нээсэн. Иргэд тус сүлжээнд багтсан аж ахуйн нэгжүүдээс бүх төрлийн зээлийн аппликэйшн ашиглан худалдан авалт хийж, хүргүүлэн авах боломжтой. Түүнчлэн "Ardpay" аппликэйшнээр дамжуулан зээлээ зургаа хуваан төлөх нөхцөлийг бүрдүүлээд байна.
Эрүүл ахуйн шаардлага хангасан мах, дайвар бүтээгдэхүүн, жимс жимсгэнэ, орон нутгийн брэнд болсон хүнс, цагаан идээг “Өвлийн идэш-2026” өргөтгөсөн худалдаанаас аваарай.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.