Лондоны уламжлалт, "уйтгартай" пабуудын хоолны соёлыг тайландчууд хэрхэн өөрчлөв
Их Британийн нийслэл Лондон хотын уламжлалт уушийн газруудын арын өрөө, дээврийн хөндий болон шилэн саравчинд тайланд үндэсний зоогийн газар байрлах өвөрмөц үзэгдэл олон жилийн өмнөөс үзэгдсээр, одоо байдаг л нэг энгийн зүйл болжээ.
Одоогоор зөвхөн нийслэл хотод ийм концепцтэй 30 орчим паб үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд нутгийн иргэд тэдгээрийг "Тай-риш" (Thai-rish) хэмээн нэрийддэг аж.
Энэхүү соёлын эхлэл 1988 онд Баруун Лондоны Кенсингтон дүүрэгт байрлах "The Churchill Arms" уушийн газраас үүдэлтэй юм.

Тус пабыг 1985 онд хариуцан ажиллаж эхэлсэн ирланд гаралтай эзэн Жерри О'Брайен уламжлалт шарсан төмс, хачиртай талхнаас бүрдсэн нэгэн хэвийн зуушийг өөрчлөхийг зорьж байв. Энэ үед нэгэн тайланд тогооч пабын гал тогоог түрээслэн ажиллуулах санал тавьснаар 1988 оны зун нэг сарын туршилтын хугацаа товложээ. Уг туршилт эхэлснээс хойш хэдхэн долоо хоногийн дараа үүдэнд нь үйлчлүүлэгчдийн урт дараалал үүсэж, уламжлалт шар айрагны цоргоны цаана ногоон ургамал, дэнлүүгээр чимэглэсэн Тайланд зоогийн газар байнгын үйл ажиллагаагаа эхлүүлсэн түүхтэй аж.
Хоолны соёл судлаач Стефани Брүүксийн тайлбарласнаар, өнгөрсөн зууны дунд үед пабын хоол төдийлөн ач холбогдолгүй, ердөө шаржигнуур төмс, бяслагтай талхаар хязгаарлагддаг байжээ. Харин 1980-аад оны сүүл, 1990-ээд онд залуу британичууд Тайланд руу аялах нь эрс нэмэгдсэнээр шинэ ногоо, анхилуун халуун ногоотой хоолыг шимтэн сонирхох болсон байна.
Түүнчлэн халуун ногоотой карри, сармис, нимбэгний үнэр амт нь уламжлалт хөнгөн шар айрагтай төгс зохицдог нь үйлчлүүлэгчдийг татах гол үндэс болжээ.
Бизнесийн хувьд энэ хамтын ажиллагаа хоёр талд харилцан ашигтай шийдэл болсон юм. Цагаач тогооч нарын хувьд Лондон хотод тусдаа зоогийн газар түрээслэх өндөр зардал гаргахгүйгээр үйл ажиллагаагаа эхлүүлэх таатай боломж бүрджээ. Харин пабын удирдлагууд гал тогооны түрээс болон уух зүйлсийн орлогоо өсгөх боломжтой болсон байна. Үүнээс гадна Пад Тай, Пад Си Ю зэрэг хуурдаг гоймонтой хоолыг пабын зай багатай, давчуу гал тогоонд богино хугацаанд бэлтгэхэд туйлын тохиромжтой байдаг аж.
Энэхүү түгээмэл үзэгдэл 2000-аад оны эхээр Тайландын засгийн газраас тогооч нарыг бэлтгэх зорилгоор хэрэгжүүлсэн "Global Thai" гастро-дипломат хөтөлбөрийн нөлөөгөөр улам эрчимжсэн байна.
Английн сонгодог уур амьсгал болон дорно дахины амтат зоогийн нэгдэл нь орчин үеийн хотын соёлын салшгүй нэгэн болж хөгжсөөр байгаагийн нэгээхэн илрэл нь энэ буюу.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.