Перуд их хэмжээний алт тээвэрлэж явсан иргэд зэвсэгт халдлагад өртжээ
Перу улсын нийслэл Лима хотын ойролцоо 2026 оны 11 дүгээр сарын 27-ны баасан гаргийн өглөө их хэмжээний алтан эдлэл, үнэт зүйл тээвэрлэн Хорхе Чавес олон улсын нисэх онгоцны буудал руу зорчиж явсан хоёр иргэн рүү зэвсэглэсэн бүлэг этгээдүүд халдаж, дээрэм хийсэн ноцтой хэрэг гарчээ.
Халдлагад Энэтхэг улсын иргэн, 29 настай бизнес эрхлэгч Вижай Паграни Иза болон Перу улсын иргэн, 35 настай эмэгтэй Мари Натали Миранда Эспиноза нар өртсөн байна. Тэд "Jeep Cherokee" загварын автомашинаар Коста Верде хурдны замын Санта Роза өргөн чөлөөний хэсгээр өглөөний 06:30 цагийн орчимд зорчин явж байхад нь гэмт этгээдүүд отож байгаад зам хаан зогсоожээ.
Хэргийн газарт нүүрээ халхалж баг зүүсэн дор хаяж найман хүнд зэвсэглэсэн дээрэмчин хэд хэдэн автомашин ашиглан хохирогчдын тээврийн хэрэгслийг бүслэн хаасан байна. Улмаар дээрэмчид автомашин руу 30 орчим сум галлаж цонхыг нь цөмлөн хүчээр нэвтэрч, дотор нь байсан чемодан, цүнхнүүдийг дээрэмдэн зугтжээ. Алдагдсан цүнх, чемоданд алтан гулдмай, үнэт эдлэл зэрэг ихээхэн үнэ бүхий металл ачигдсан байсныг эх сурвалжууд мэдээлсэн байна.
Зэвсэгт халдлагын үеэр хохирогч хоёр иргэн хоёулаа бууны суманд оногдон шархадсан бөгөөд тэднийг ойролцоох эмнэлэгт яаралтай хүргэсэн аж. Одоогоор хохирогчдын биеийн байдал тогтвортой, амь насанд нь аюулгүй байгааг холбогдох албаныхан мэдэгдээд байна.
Кальяо бүсийн цагдаагийн газрын дарга, генерал Ольгер Бенавидес уг хэргийг урьдаас нарийн зохион байгуулж төлөвлөсөн зэвсэгт дээрэм хэмээн тодорхойлж, мөрдөн шалгах ажиллагааг өргөн бүрэлдэхүүнтэйгээр эхлүүлсэн тухай мэдээлэв. Цагдаагийн байгууллага гэмт этгээдүүдийн зугтсан автомашинуудыг хяналтын камерын бичлэг болон цахим сүлжээнд тавигдсан дүрсээр дамжуулан мөшгиж байгаа бөгөөд дээрэмчдийн онилсон алт, үнэт металлын бодит хэмжээг нарийвчлан тогтоохоор ажиллаж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.