Хүннүгийн язгууртны хамгийн том бунхнаас Эртний Ромын шилэн аяга илэрлээ
Хэнтий аймгийн нутаг дахь Дүүрлиг нарсны дурсгалт газрын 160-р булшнаас Эртний Ромын ховор шилэн аяга тэргүүтэй 413 ширхэг үнэт олдвор илэрснийг археологичид албан ёсоор мэдээллээ. Дөрвөн жилийн хугацаанд үргэлжилсэн нарийвчилсан малтлага судалгааны үр дүнд илрүүлсэн уг байгууламж нь өнөөг хүртэл судлагдсан Хүннүгийн хамгийн том язгууртны бунхан болох нь тогтоогдоод байна.
Газрын гүн рүү 14.5 метр гүн ухсан, бунхан руу орох хонгилын хамт нийт 73 метр урт үргэлжлэх тус байгууламж нь доошлох тусам нарийсах урвуу пирамид хэлбэрийн есөн үе чулуун дараастай бүтэцтэй юм. Модон хоёр давхар гадна хайрцаг дотор дотор авсыг байрлуулж, оршуулгын дээд хэсэгт лакаар бүрсэн бүрэн сүйх тэрэг байрлуулсан байжээ. Археологийн хэв шинж болон олдворуудын онцлогоос үзвэл тухайн дурсгал нь ойролцоогоор 2000 жилийн тэртээх үе буюу манай эриний нэгдүгээр зууны сүүлчээс хоёрдугаар зууны эхэн үед хамаарч байна.
Малтлагаар илэрсэн олдворуудын дотроос авсны ёроолд байсан бариултай, тунгалаг шилэн сав эрдэмтдийн анхаарлыг онцгойлон татаж байна. Энэхүү эдлэлийг Эртний Ромын эзэнт гүрэнд хийгдсэн модиолус хэлбэрийн аяга хэмээн урьдчилсан байдлаар тодорхойлсон бөгөөд химийн нарийвчилсан шинжилгээгээр гарал үүслийг нь эцэслэн бататгахаар ажиллаж буй юм. Үүнээс гадна Хятадын Хан улсын оршуулгын зан үйлийг тусгасан боловч нүүдэлчдийн өвөрмөц хээ угалзаар чимэглэсэн 15 ширхэг хаш диск, эдлэл олдсон байна. Түүнчлэн Солонгосын хойгийн Лелан орчмын бунхнуудаас илэрдэгтэй төстэй болор шигтгээтэй мөнгөн хулуун унжлага, тунгалаг болор доор улаан ба цэнхэр дэвсгэр суулгасан алтан дугуй чимэглэл зэрэг урьд өмнө бүртгэгдэж байгаагүй морины тансаг тоног хэрэглэлүүд гарчээ.
Эдгээр ховор нандин олдворууд нь 2000 жилийн өмнөх нүүдэлчдийн их гүрэн баруун зүгт Эртний Ром, урд зүгт Хан улс, зүүн зүгт Солонгосын хойг хүртэл салбарласан Торгоны замын өргөн уудам сүлжээнд дипломат болон худалдааны хувьд идэвхтэй оролцож байсныг баталж байна. Өөр өөр соёл иргэншлийн үнэт эдлэлүүд нэг бунханд зэрэгцэн хадгалагдаж ирсэн нь тухайн цаг үеийн язгууртнуудын нөлөө, олон улсын өргөн харилцааг илтгэх бодит баримт боллоо.
Судалгааны баг цаашид авснаас гарсан хүний шүд болон үсний дээжид ДНХ-ийн нарийвчилсан генетик шинжилгээ хийж, оршуулагдсан хүний нас, хүйс, угсаа гарвал болон нийгмийн байр суурийг нарийвчлан судлахаар төлөвлөөд байна. БНСУ-ын Үндэсний музей, Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэн, Үндэсний музейн хамтарсан эрдэмтдийн олон жилийн судалгааны үр дүн эртний нүүдэлчдийн ертөнцийг шинээр нээн харуулахад жинтэй хувь нэмэр оруулж байна.
Эх сурвалж:
• unn.ua
•
Сэтгэгдэл (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.