Урлагийн бүтээлийн хулгайч асан эр хулгайд алдагдсан уран зургуудыг олж өгч тусалдаг болжээ
Нидерландын урлагийн бүтээлийн хулгайч асан Октав Дурхам Парисын алдарт Луврын музейн хамгаалалтын системийг сайжруулахад туслах санал тавьж, туршлагаа хуваалцахад бэлэн байгаагаа мэдэгдлээ.
Өдгөө 53 настай тэрбээр тус музейд гарсан томоохон дээрмийн хэргээс хойш бүтэн жил өнгөрсөн ч удирдлагууд нь түүнээс зөвлөгөө аваагүйд гайхаж буйгаа илэрхийлсэн байна. Музейгээр зочлох үеэрээ барилгын цонхнууд цуурсан зэрэг хэд хэдэн эмзэг цэгийг анзаарснаа тэрбээр дурдаад, хулгай гарсан цонхонд төмөр хашаа, камер нэмж тавьсан ч хажуугийн бусад цонхыг хамгаалалтгүй хэвээр үлдээснийг шүүмжилжээ. Мэргэжлийн түвшний хулгайчид нэг орсон цэгээрээ дахин нэвтрэхийг оролдохгүй хэмээн тэрбээр анхааруулсан бөгөөд Луврын музейн зүгээс түүний тайлбарт одоогоор хариу өгөөгүй байна.
Өөрийгөө "Голландын Люпен" хэмээн нэрлэдэг Дурхам өмнө нь банк, хуягласан мөнгө тээвэрлэгч автомашинуудыг дээрэмдэж явсан түүхтэй. Тэрбээр 2002 онд Амстердам дахь Ван Гогийн музейгээс шат болон лантуу ашиглан дөрөв хүрэхгүй минутын дотор хоёр уран зургийг хулгайлж, хожим нь ял эдэлсэн юм.
Сүүлийн жилүүдэд гэмт хэргийн ертөнцийн холбоо сүлбээгээ ашиглан хулгайд алдагдсан соёлын үнэт бүтээлүүдийг эргүүлэн олоход үнэ төлбөргүй тусалж байгаа бөгөөд 2023 онд алдагдсан байсан Ван Гогийн бүтээлийг буцаан олоход чухал үүрэг гүйцэтгэсэн байна.
Парисын Луврын музейд 2025 оны аравдугаар сарын 19-ний өдөр барилгын ажилчдын дүрд хувирсан гэмт этгээдүүд цонхоор нэвтэрч, Францын хааны титмийн 88 сая еврогийн үнэ бүхий найман үнэт эдлэлийг хулгайлсан юм. Энэхүү хэрэг нь музейн хамгаалалтын камеруудыг шалгадаггүй байсан, төсөв зарцуулагдалгүй гацсан, кибер системийн нууц үгийг хэт хялбараар тохируулсан зэрэг системийн ноцтой алдаануудыг илчилж, улмаар тус байгууллагын захирал албан тушаалаасаа огцроход хүргэсэн билээ.
Луврын музейн халдлага нь соёлын томоохон байгууллагууд ч аюулгүй байдлын сул талтай байж болдгийг харуулж, Европ даяар ижил төрлийн хулгайн гэмт хэргүүд эрчимжих шалтгаан болсон юм. Урлагийн салбарынхан аюулгүй байдлын цоорхойг бодитоор нөхөхийн тулд хамгаалалтын бодлогоо үндсээр нь эргэн харах шаардлагатай тулгарч байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.