🔴Сэтгүүлч Т.Шинэбаярын өмгөөлөгч Ч.Өнөржаргал УИХ-ын Хүний эрхийн дэд хороонд хандлаа

AI хөрвүүлсэн

Сэтгүүлч Т.Шинэбаярыг цагдан хорьж, шалгаж буй асуудалтай холбогдуулан түүний өмгөөлөгч Ч.Өнөржаргал УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны гишүүн Х.Тэмүүжинд хандан хүсэлт гаргаж, байр сууриа илэрхийллээ.

 Өмгөөлөгч Ч.Өнөржаргал:  

-Хувийн харилцааны шинжтэй нөхцөл байдлын хүрээнд уулзаж ярилцах явцад үүссэн таарамжгүй харилцаанаас үүдэлтэй асуудлаар эрүүгийн гэмт хэрэгт татагдсан эсэхэд Хүний эрхийн дэд хороо анхаарал хандуулахыг хүсэж байна. Түүнчлэн сэтгүүлч Т.Шинэбаяр Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид саатуулагдсанаасаа хойш хуурай өлсгөлөн зарлаад 80 гаруй цаг болж, нөхцөл байдал хүндэрсэн тул Хүний эрхийн дэд хорооны гишүүдийг газар дээр нь очиж, биечлэн уулзаж өгөхийг хүсэж байна.

"Нийтийн албан тушаалтныг шүүмжилсэн иргэн бүр эрүүгийн хариуцлагад татагдах эрсдэл үүсээд байна"

А.Шинэбаярыг Эрүүгийн хуулийн 23.7 дугаар зүйл буюу "Нийтийн албан тушаалтныг заналхийлэх" гэсэн зүйл ангиар яллагдагчаар татсан. Энэхүү зүйл анги нь 2015 оны Эрүүгийн хуульд шинээр орсон. Монгол Улсын шүүхээр урьд өмнө шийдэгдсэн шүүхийн практик тогтоогүй байгаа. Ийм нөхцөлд иргэн болон сэтгүүлчид төрийн албан тушаалтанд санал, шүүмжлэлтэй хандах, гаргасан шийдвэрт нь шаардлага тавих үед тухайн албан тушаалтан гомдол гаргаснаар хэнд ч эрүүгийн хэрэг үүсгэх бодит эрсдэл үүсэж байна.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн 13.5 дугаар зүйлд заасан "Заналхийлэх" гэмт хэрэгтэй харьцуулахад, 23.7 дугаар зүйл буюу нийтийн албан тушаалтныг заналхийлсэн үйлдэлд ногдуулах торгууль болон хорих ялын бодлого даруй 10 дахин өндөр байгаа нь хууль тогтоомжийн хувьд оновчгүй, бодит амьдралд нийцэхгүй зохицуулалт болсон гэж үзэж байна. 

Цаашлаад, Т.Шинэбаярыг хойшлуулшгүй ажиллагаагаар 48 цаг баривчилж, улмаар прокурорын санал, шүүхийн захирамжаар "нотлох баримтыг устгаж болзошгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж болзошгүй" гэсэн үндэслэлээр цагдан хорих хугацааг 30 хоногоор сунгасан юм. Гэтэл түүний гар утас, эд зүйлсийг аль хэдийн хураан авч, орон байранд нь үзлэг хийснээс хойш тав гаруй хоног өнгөрч, шаардлагатай ажиллагааг хийх бүрэн боломжтой байхад үргэлжлүүлэн хорьж буй нь хүний халдашгүй эрхийг зөрчиж байна. Иймд мөрдөн шалгах ажиллагаанд хүний эрх, мэтгэлцэх зарчмыг хангахын тулд шүүхийн хяналт, эрх хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатайг хууль тогтоогчид уламжилж байна.

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин: 

-2015 оны Эрүүгийн хуулийн уг зүйл заалтыг би боловсруулж оруулсан, олон улсын практикт нийтийн албан тушаалтнаар хууль бус шийдвэр гаргуулахаар заналхийлэхийг нийтийн ашиг сонирхол, аюулгүй байдалд хор уршигтай ноцтой гэмт хэрэгт тооцдог.

Хувь хүнийг заналхийлэх нь хоёр хүний хоорондын асуудал байдаг бол нийтийн албан тушаалтныг заналхийлж, шийдвэр гаргуулахад нөлөөлөх нь нийт олон түмний эрх ашиг, аюулгүй байдалтай холбогддог. Ялангуяа гаднын тусгай албад болон бусад этгээд төрийн албан хаагчийг заналхийлж, Монгол Улсад хор хохиролтой шийдвэр гаргуулах эрсдэлээс сэргийлэх үүднээс ялын бодлогыг чангатгасан нь зөв бодлого байсан гэв.

Гэвч асуудлын гол нь уг заалтыг хууль сахиулах байгууллага практикт анх удаа хэрэглэж буй тохиолдол нь энэ болж байгаа тул хууль хэрэглээ, хүний эрхийн талаас нь нарийвчлан шалгах шаардлагатай. Тухайлбал, тухайн сэтгүүлч тодорхой шийдвэр гаргуулахаар нийтийн албан тушаалтныг заналхийлсэн үү, нэр хүндэд нь хор уршигтай мэдээлэл задлахаар сүрдүүлсэн үү, эсвэл гэр бүл, ойр дотнынхонд нь хүч хэрэглэхээр заналхийлсэн үү гэдэг үндэслэлээ хуулийн байгууллага нотолж, нийтэд мэдээлэх үүрэгтэй гэлээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.