🔴О.Онон: Дээд боловсролтой залуус гадаадад хар ажил хийх бус, мэргэжлээрээ ажиллаж сард 20 сая төгрөг олох боломжтой
"Монгол Улсын боловсролын дипломыг Европт, тэр дундаа ХБНГУ-д хүлээн зөвшөөрч, монгол залуус тус улсын инженерүүдийн авдаг цалинг авч байна" гэж хэлбэл та итгэх үү?
Тодруулбал, Монгол диплом олон улсад үнэлэгдэж, эх орондоо 3-4 сая төгрөгийн цалин авч байсан авто замын инженерүүд Германд 10-20 саяын цалинтайгаар мэргэжлээрээ шууд ажиллах боломж нээгдсэн байна. Энэ тухай ХБНГУ-ын "Dorsch Gruppe"-ийн төслийн удирдагч, “Код Инженеринг” компанийн гүйцэтгэх захирал О.Ононтой ярилцлаа.
Тэрбээр монгол инженерүүдийг Германд мэргэжлээр нь өндөр цалинтай ажиллуулах хөтөлбөр хэрэгжүүлж буй бөгөөд Улаанбаатар хотын түгжрэлийг шийдэх оновчтой гарц болон мега төслүүдийн талаар байр сууриа хуваалцлаа.
-Өдгөө монгол залуусын дийлэнх нь хилийн чанадад сурч, ажиллаж амьдрах эрмэлзэлтэй байгаа нь бодит үнэн. Төр засаг ч үүнийг хүлээн зөвшөөрөх цаг болсон гэж та хэлж байна. Тэгвэл энэ бодит нөхцөл байдлыг улс орныхоо хөгжилд хэрхэн эергээр эргүүлэх боломжтой вэ?
-ЕБС төгсөж буй арван сурагч тутмын ес нь гадаадад сурах, ажиллах тухай бодож буй энэ үед залуусыг хилийн чанадад хар ажил хийлгэх бус, харин эзэмшсэн мэргэжлээрээ сурч ажиллан, олон улсын түвшинд бэлтгэгдэх нөхцөлийг бүрдүүлэх нь нэн чухал байна. Ингэснээр тэд олон улсын томоохон төслийн стандарт, арга барилыг эзэмшин эх орондоо эргэн ирж, Монголынхоо мега бүтээн байгуулалтуудыг гадны мэргэжилтнүүдээс хараат бусаар гардан хэрэгжүүлэх боломж бүрдэнэ. Улмаар өнөөдөр гадны зөвлөхүүдэд урсаж буй их хэмжээний валют, хөрөнгө оруулалтыг эх орондоо авч үлдэх бүрэн боломжтой болно.
-Таны хувьд энэ чиглэлд бодитой туршлага хуримтлуулан ажиллаж буй мэргэжилтэн. Өөрийн тань ажлын замнал болон Германд хэрэгжүүлж буй төслийн талаар танилцуулахгүй юу?
-Би Монгол болон Германд суралцан төгссөн. Одоогоор ХБНГУ дахь "Dorsch Gruppe"-ийн "GRE" салбарт хотын замын зураг төсөл, трамвай, LRT зэрэг нийтийн тээврийн төслийн удирдагчаар ажиллаж байна. Эмчийн гэр бүлээс ганцаараа инженерийн мэргэжлийг сонгосон.
Одоогоор Берлин хотын замын шугам сүлжээ, инженерийн тооцоолол, зураг төслийг боловсруулан ажиллаж байна. Ирэх 10–20 жилдээ үнэ цэнээ алдахгүй чанартай бүтээн байгуулалт хийх нь энэ мэргэжлийн хамгийн том бахархал гэж үздэг.

-Мөн та олон улсын жишигт нийцсэн инженерингийн компани байгуулсан гэсэн. Энэ талаараа дэлгэрүүлбэл?
-Бид 2025 онд гурван үүсгэн байгуулагч, нийт есөн хүний бүрэлдэхүүнтэй “Код Инженеринг” (Code Engineering) компанийг үүсгэн байгуулсан. Манай компани олон улсын урт хугацааны туршлагатай гадны гурван зөвлөх, зургаан инженерээс бүрдсэн чадварлаг багтай. Хурдны галт тэрэг, хотын зам, трамвай, LRT чиглэлээр мэргэшсэн. Бид олон улсын жишигт нийцсэн нарийн мэргэжлийн зураг төсөл, зөвлөх үйлчилгээг Монголын зах зээлийн ханшаар үзүүлдэг Монгол дахь анхны мэргэшсэн инженерингийн компани.

-Монгол залуусыг Германд мэргэжлээр нь ажиллуулах хөтөлбөр эхлүүлсэн тухай сонссон. Энэхүү санаачилгын гол зорилго, хөтөлбөрийн явц ямар байна вэ?
-Гадаадад есөн жил ажиллаж амьдарсны хувьд залуус эх орондоо дээд боловсрол эзэмшсэн атлаа харь оронд мэргэжлээсээ тэс хөндлөн хар ажил хийдэг эмзэг асуудлыг өөрчлөх зорилгоор “Mongol Engineers in Germany” хөтөлбөрийг нэг жилийн өмнөөс санаачлан хэрэгжүүлж эхэлсэн юм.
“Код Инженеринг” болон “Монголын Авто Замчдын Залуучуудын Холбоо” хамтран хэрэгжүүлж буй энэхүү хөтөлбөрт өдгөө арван залуу хамрагдан бэлтгэгдэж байна. Оролцогчид Монголдоо долоо хоногийн гурван өдөр герман хэлний эрчимжүүлсэн хичээл, амралтын өдрүүдэд Германы төслийн удирдлага, норм стандартын тухай инженерийн сургалтад хамрагдаж байгаа.
Хөтөлбөрийн давуу тал нь залуусыг Германд шууд мэргэжлээр нь герман инженерийн цалин хөлсөөр ханган ажиллуулахад оршино. Одоогоор гурван залуу ажлын ярилцлагадаа амжилттай тэнцсэнээс нэг нь визээ гардан авч, ХБНГУ-д ажиллахаар ирсэн. Одоо ажилдаа ороод байна. Түүнчлэн хөтөлбөрийн хүрээнд шинэ нийгэмд дасан зохицох интеграцын курс, банкны данс нээх, орон сууц олох, эрх зүйн зөвлөгөө зэрэг цогц дэмжлэгийг үзүүлдэг.
Хөтөлбөрт тавигдах гол шаардлага нь МУИС, ШУТИС зэрэг олон улсад магадлан итгэмжлэгдсэн их сургуулийг авто замын инженерээр төгссөн байх болон герман хэлний В1-ээс В2 түвшний мэдлэгтэй байх явдал юм.
-Монгол болон Германы инженерийн үнэлэмж, цалингийн зөрүү хэр их байдаг вэ?
-ХБНГУ-д эхлэн суралцагч инженерийн сарын цалин 10–20 сая төгрөгтэй дүйцдэг бол Монголд авто замын инженерийн дундаж цалин 3–4 сая төгрөг орчим байна. Энэхүү эрс зөрүү нь зураг төсөл болон бүтээн байгуулалтын үнэлгээнээс шууд хамаардаг. Тухайлбал, Монголд хотын 1км замын зураг төслийн төсөвт өртөг 25 орчим сая төгрөг байдаг бол Германд тухайн замын хүндрэлээс хамааран 50,000–100,000 евро буюу 400 орчим сая төгрөгөөр үнэлэгддэг. Тиймээс цалингийн зөрүү төдий хэмжээний байгаа гэж ойлгоход болно.
-Эдгээр залуус туршлага хуримтлуулаад ирэхэд Монголын авто замын салбарт ямар ахиц дэвшил гарах вэ?
-Эдгээр мэргэшсэн боловсон хүчин 3-4 жилийн дараа олон улсын түвшинд бэлтгэгдэн эх орондоо буцаж ирэхэд замын салбарын норм дүрэм, стандартыг шинэчлэх өндөр чадамжтай болно. Цаашлаад Монголоос олон улсын томоохон төслүүдийг гүйцэтгэх, “Код Инженеринг” компанийн дотоод, гадаадын бүтээн байгуулалтуудад шууд манлайлан ажиллах нөхцөл бүрдэнэ гэж харж байгаа.
-Нийслэл хотын хамгийн тулгамдсан асуудал бол түгжрэл. Үүнийг шийдвэрлэхэд хамгийн тохиромжтой нийтийн тээврийн хэлбэр нь юу вэ?
-Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах хамгийн оновчтой, богино хугацаанд хэрэгжих боломжтой шийдэл бол трамвай юм. Трамвай нь LRT болон метротой харьцуулахад санхүүжилтийн хувьд 10 дахин бага өртөгтэй, хэрэгжих хугацаа нь 10 дахин богино бөгөөд манай улсын нөхцөлд хамгийн тохиромжтой шийдэл. Монголд хэзээ нэгэн цагт трамвай баригдах нь зайлшгүй тул төрийн байгууллагууд үүнийг хэрхэн уялдаа холбоотой, оновчтой зохион байгуулах нь гол асуудал болоод байна.
-Манай улсын мега төслүүд, тэр дундаа нийтийн тээврийн томоохон төслүүдийг гацаагүй амжилттай хэрэгжүүлэхэд юу хамгийн чухал байна вэ?
-Монголд хэрэгжүүлэх мега төслүүдийг гадны мэргэжилтнүүдээс хараат бусаар монголчууд өөрсдөө гардан хэрэгжүүлэх амбицтай ажиллаж байна.
Зарим гадны экспертүүд дотоодын онцлогийг мэдэхгүйгээс төсөл гацах явдал гардаг төдийгүй улс төр ч их ордог. Нийтийн тээврийн том бүтээн байгуулалтыг “хоёр жилийн дотор хийнэ” гэх мэт бодит бус тооцоолол гаргаж улстөржүүлдэг.
Аливаа томоохон нийтийн тээврийг нэвтрүүлэхэд эхлээд хууль дүрэм, норм стандартыг баталж, боловсон хүчнээ цэгцтэй бэлтгэх шаардлагатай. Инженерийн зөв тооцооллоор метроны эхний шугамыг 4–6 жилийн хугацаанд бодитоор ашиглалтад оруулах боломжтой. Энэ нь аль нэг нам, Засгийн газраас хараат бус байж, иргэдийн бүрэн мэдээлэл, дэмжлэг дээр суурилсан үед л бодитой ажил хэрэг болдгийг анхаарах хэрэгтэй юм.
-Ярилцсан танд баярлалаа.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.