Балбад хүчтэй үер бууж таван хүн сураггүй болжээ
Балба улсын төв болон төв-хойд нутгийн Будхи Гандаки голын дагуу өчигдөр /2026.10.11/ уулын хүчтэй үер бууж, суурин газруудад их хэмжээний хохирол учирлаа. Байгалийн гамшгийн улмаас таван иргэн сураггүй алга болж, олон арван орон сууц урсан, зам тээвэр, дэд бүтцийн байгууламжууд сүйдээд байна.
Үерийн шалтгаан нь Горкха дүүргийн хойд хэсгийн Чумнубри хөдөөгийн захиргааны нутаг дэвсгэр болох Локпа болон Чхумлинг суурингийн хооронд хөрсний гулгалт үүссэнтэй холбоотой юм. Их хэмжээний хөрс нурсны улмаас Будхи Гандаки голын урсгал түр хугацаанд боогдож, байгалийн хиймэл далан үүсчээ. Улмаар уг далан сэтэрснээр хуримтлагдсан ус, шавар, чулууны асар хүчтэй давалгаа голын доод урсгал руу цутган орсон байна.
Гамшгийн улмаас хүний амь нас хохирсон эсэхийг тогтоохоор ажиллаж байгаа бөгөөд одоогоор таван иргэн сураггүй алга болоод буйг Балбын Гамшгийн эрсдэлийг бууруулах, удирдлагын үндэсний газар болон Зэвсэгт цагдаагийн хүчнээс албан ёсоор мэдээлэв.
Орон нутгийн эх сурвалжуудын мэдээлснээр голын эрэг дагуу байрлаж байсан 36-65 орчим сууц үерт урсаж сүйрсэн байна. Түүнчлэн авто замын хоёр, дүүжин хоёр гүүр бүрэн эвдэрч, цахилгаан дамжуулах шугам болон үүрэн холбооны цамхгууд нурж унаснаас үүдэн холбоо харилцаа тасарчээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.