🔴Б.Түвшин: Би ерөнхийлөгчийн захиалгаар нэр дэвшээгүй, цаашид эрэн сурвалжлах сэтгүүлчидтэй хамтран ажиллахад бэлэн
УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит хуралдаанаараа бүлгийн шинэ даргаа сонгож, цаг үеийн тулгамдсан асуудлуудаар байр сууриа нэгтгэн мэдээлэл хийлээ.
Бүлгийн даргыг сонгох санал хураалтад бүлгийн 41 гишүүн оролцсоноос УИХ-ын гишүүн Б.Түвшин 24 гишүүний дэмжлэг авч, УИХ дахь АН-ын бүлгийн даргаар сонгогдсон байна. Түүнтэй өрсөлдсөн УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин бүлгийн шинэ даргатай цаашид нягт хамтран ажиллахаа илэрхийлжээ.
АН-ын бүлгийн дарга Б.Түвшин:
-УИХ-ын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт заасны дагуу УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулснаар бүлгийн даргын бүрэн эрх албан ёсоор хэрэгжиж эхэлнэ. Миний бие АН-ын бүлгийг эв нэгдэлтэй, цул байлгах, ардчиллын суурь зарчим болон дэвшилтэт үзэл санааг хамгаалан хөгжүүлэх, үндэсний язгуур эрх ашиг, монгол үндэстний эв нэгдлийг хангах бодлогын хөтөлбөр боловсруулан танилцуулсан. Цаашид АН-ын бүлэг хүний эрх, эрх чөлөө, тэр дундаа эдийн засгийн эрх чөлөөг хангахын төлөө ажилладаг хүчтэй сөрөг хүчин байх бодлого баримтална.
Бүлгийн даргын эрх, үүрэг чуулганд танилцуулснаар хэрэгжиж эхэлнэ. АН-ын бүлэг өмнөө тавьсан зорилго, хатуу шаардлагуудаа үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. Эдгээр асуудлыг намын дарга, бүлгийн удирдлага, гишүүдтэйгээ зөвшилцөн шийдвэрлэнэ. Улс төрчид хувийн үзэл бодол, эгодоо хөтлөгдөх хандлага байдаг. Харин бүлгийн дарга гэдэг нь 42 гишүүний үзэл баримтлалыг нэг бодлогод зангидаж, бодит үр дүнд хүргэх үүрэгтэй. Бид улс төрийн жижиг оноо авах, хэрүүл хийхээс илүү Монгол Улсын эдийн засаг, аюулгүй байдал, үндэсний язгуур эрх ашгийн төлөөх томоохон бодлого дээр тууштай зогсоно.
Нам, бүлэг хоёрын ажил зааглагдаж байна. Нам нь 2027, 2028 оны сонгууль болон үндсэн үзэл баримтлалын ажлуудаа хариуцна. Харин бүлэг парламентын түвшинд үндэсний эрх ашиг, эдийн засгийн аюулгүй байдлын хүрээнд ажиллана. Х.Тэмүүжин гишүүний ярьсан бодлого болон миний санал 99.9 хувь нийцэж байгаа. Гишүүд төсөв дээр хувь хувиараа санал хэлж хүчгүйдэх биш, бүлгийн хэмжээнд нэгдсэн, хатуу суурь байр суурь илэрхийлж ажиллах болно.
Нэгдүгээрт, бүлгийн даргад дэвших нь хэн нэгний захиалга биш, намын дотоод ардчиллын хүрээнд болсон сонгууль. Ерөнхийлөгчийн захиалгаар дэвшсэн зүйл байхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдье. Хоёрдугаарт, ‘1xBet’-тэй холбоотой асуудлыг би эрэн сурвалжлах сэтгүүлчдэд эргүүлээд тавимаар байна. Энэ бизнесийн жинхэнэ эзэд нь хэн бэ гэдгийг сэтгүүлчид өөрсдөө ил гаргаж тавих хэрэгтэй. Улс төрийн зорилгоор хийсэн худал гүтгэлэгт албан ёсоор цэг тавих шаардлагатай. Энэ асуудлаар сэтгүүлчидтэй хамтран ажиллахад бэлэн байна гэв.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:
-Засгийн газрыг огцруулах тухай миний бланкан дээр 40 гишүүн гарын үсэг зурсан байгаа. Төсвийн тодотгол, улс орны цаг үеийн нөхцөл байдал болон бүлгийн даргын чөлөөлөгдөх хүсэлттэй холбогдуулан тодорхой хугацаанд хүлээлтийн байдалд байсан. Засгийн газрыг огцруулах шаардлагатай гэдэг байр суурь хэвээрээ байгаа бөгөөд намын даргын хувьд үүнээс ухарч буцах зүйл байхгүй.
С.Зориг агсны хэргийг 2000 оны сонгуулиас хойш нийт долоон удаагийн УИХ-ын сонгууль дамнуулан эрх баригч нэг нам улс төрийн хонжоо олох хэрэгсэл болгож, АН руу чихэж ирсэн. Бүх зүйлийг нууц нэрийн дор хааж, дараагийн сонгуульд бэлтгэдэг байдлыг таслан зогсоох ёстой. Энэ хэргийг улс төрийн ашиг хонжоо олох хэрэгсэл болгож байгааг задлахын тулд бүрэн ил болгох шаардлагатай. Тиймээс хуулийн хүрээнд УИХ дээр нээлттэй сонсгол зохион байгуулах боломжийг судалж, хуулийн байгууллагуудаас албан ёсны тайлбар авахаар ажиллаж байна гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.