🔴Б.Мөнхтамир: 264 ШТС-д шатахууны үлдэгдэл ямар байгааг аппликэйшнээр хардаг болно
Шатахууны үнэ нэмэгдсэнтэй холбогдуулан Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Б.Мөнхтамир мэдээлэл хийлээ.
АҮЭБ-ийн дэд сайд Б.Мөнхтамир:
-Орос, Украины дайны улмаас ОХУ-ын газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд хомстол үүсэж, дэлбэрэлтэд өртөн үйл ажиллагаа нь зогссон зэрэг шалтгаанаар нийлүүлэлт буурч, үнэ өсөөд байна. 2026 оны аравдугаар сарын байдлаар манай ААН-үүд нийт 78 мянган тонн авто бензин (АИ-92, АИ-95) авахаар гэрээлсэн.
БНХАУ, Сингапур, Малайз, БНСУ зэрэг улсуудтай хэлцэл хийж байгаа. Энэ оны сүүл буюу 11, 12 дугаар сард шатахууны нийлүүлэлт буурах төлөвтэй байгаа тул гуравдагч орнуудаас татан авахаар төлөвлөн ажиллаж байна.
ОХУ дотооддоо шатахууны хомстолтой байгаа ч Монгол Улстай байгуулсан тогтвортой байдлын гэрээний дагуу тодорхой хэмжээний нийлүүлэлтийг хийсээр байгаа. ОХУ-аас нийлүүлж буй шатахууны үнэ нь Санкт-Петербургийн "СПбМТСБ" (Spimex) биржийн үнэ дээр суурилдаг бөгөөд биржийн 30 хоногийн дундаж үнээр тооцож манай аж ахуйн нэгжүүд худалдан авдаг. Өнгөрсөн есдүгээр сартай харьцуулахад энэ аравдугаар сард биржийн үнэ тонн тутамдаа 190 ам.доллароор өсөж, 1063 ам.долларт хүрсэн байна. Нэг тонн шатахуун ойролцоогоор 1250 литр болдог. Үүн дээр тээвэр, ААН-ийн үйл ажиллагааны зардал, НӨАТ болон бусад татвар зардал нэмэгдсэнээр жижиглэнгийн үнэ литр тутамдаа 500-550 төгрөгөөр өсөх тооцоолол гарсан.
Шуурхай штабын хурлаас Монополын эсрэг газарт хоёр үндсэн чиглэлээр үүрэг даалгавар өгсөн. Нэгдүгээрт, 2026 оны найм, есдүгээр сард хямд үнээр татан авсан шатахууны үлдэгдлийг аравдугаар сард нэмэгдсэн үнээр зарж борлуулж байгаа эсэхэд шалгалт хийнэ. Хоёрдугаарт, шатахуун импортлогч ААН-үүд давуу байдлаа ашиглан үнийг үндэслэлгүйгээр нэмсэн эсэхэд нарийвчилсан хяналт шалгалт хийж, хяналтын тайланг ойрын хугацаанд танилцуулах.
Шатахууны хомстолоос үүдэн ШТС-ууд дээр үүсэж буй дарааллыг зохицуулах зорилгоор АМГТГ-ын захиалгаар "Эй Би Софт" компани хувийн хэвшлийн "Benzin.mn" аппликэйшнд хөгжүүлэлт хийж байна. Энэ долоо хоногийн сүүл, ирэх долоо хоногийн эх гэхэд Нийслэл Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй 264 ШТС-д шатахуун буусан эсэх, бодит үлдэгдэл хэд байгаа тухай мэдээллийг иргэд "real-time" буюу цаг тухайд нь аппликэйшнээр харах боломжтой болно. Мөн тус аппликэйшнийг Нийслэлийн Замын хөдөлгөөний удирдлагын төвийн (ЗХУТ) камеруудтай холбосноор иргэд аль ШТС дээр дараалал их байгаа болон үлдэгдэлтэй байгааг шууд хянана.
Дэлхийн зах зээлд газрын тосны бүтээгдэхүүний үнэ эрэлт, нийлүүлэлтээс шалтгаалан савлаж байна. Энэ онд нэг баррель газрын тосны үнэ оргилдоо хүрч 118 ам.доллар болсон. Одоогоор 103–105 ам.долларын хооронд хэлбэлзэж байгаа нь энгийн үеийнхээс даруй 1.5 дахин өндөр үзүүлэлт юм. Сингапурын биржийн "MOPS" болон ОХУ-ын "Spimex" биржийн үнэ маш тогтворгүй байгаа тул ирэх саруудад үнэ буурахыг ч, өсөхийг ч үгүйсгэхгүй.
Иймд нийлүүлэлт, нөөцийн тогтвортой байдлыг хангах нь яамны бодлогын гол зорилт болоод байна. Үүний хүрээнд 2027 оны улсын төсөвт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах сав байгуулах ажлыг тусгахаар ажиллаж байна. Ингэснээр дэлхийн зах зээл дээр үнэ буурсан, нийлүүлэлт ихэссэн үед нөөцөө бүрдүүлж авдаг тогтолцоо бүрдэх юм. Мөн дотоодын Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт эрчимтэй өрнөж байгаа бөгөөд 2028 онд ашиглалтад орохоор төлөвлөгдсөн. Тус үйлдвэр ашиглалтад орсноор Монгол Улсын дотоодын нийт хэрэгцээний 50 орчим хувийг дангаараа хангах стратегийн чухал ач холбогдолтой юм.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд АИ-92 авто бензиний 14 хоногийн, дизель түлшний 31 хоногийн нөөцтэй байгаа бөгөөд нийтдээ 100 орчим мянган тонн шатахууны нөөц байна. Зөвхөн бензин гэлтгүй дизель болон бусад бүтээгдэхүүний олон улсын үнэ бүхэлдээ өсөж байгааг тэрбээр тодотголоо. Орон нутгийн хувьд Улаанбаатар хотын адил хязгаарлалттай байгаа бөгөөд авто цистернээр хүргэгддэг газруудад нийслэлээс 1–2 хоногийн хоцрогдолтой түгээгдэж байна. Харин төмөр замын сүлжээтэй аймгуудад ОХУ болон БНХАУ-аас вагон цистернээр шууд бууж байна.
Евро-5 буюу К5 стандартын АИ-92 шатахууныг өмнөд хөрш болон БНСУ-аас татан авч байгаа бөгөөд энэ аравдугаар сард эдгээр улсаас нийт 20 орчим мянган тонн шатахуун оруулж ирээд байна. Хангамжийн хомсдол үүсгэхгүйн тулд 11, 12 дугаар сард ч урд хөрш болон гуравдагч орнуудаас энэхүү стандартын шатахууныг үргэлжлүүлэн авахаар төлөвлөсөн.
"Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам нь бодлого тодорхойлогч байгууллага бөгөөд стратегийн түвшинд нийлүүлэлтийг нэмэгдүүлэхэд анхаарч байна. Харин шатахуун импортлогч ААН-үүд гаднын үйлдвэрүүдтэй шууд гэрээ байгуулан, биржийн үнэ дээр үйл ажиллагааны зардал, ашгаа нэмж үнээ тогтоодог тул яамнаас үнийг шууд захиргааны аргаар хүчээр барих боломжгүй. Харин хомстолоор далимдуулан үндэслэлгүйгээр үнэ хөөрөгдөхийг хязгаарлаж, хяналт тавьж ажиллана. Гадаад нөхцөл байдал, геополитикийн асуудлууд намжиж, олон улсын зах зээл дээр үнэ буурсан тохиолдолд манай дотоодын үнэ ч дагаад буурна гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.