Зөвлөлтийн хамгийн залуу цуврал алуурчны хэргийн баримт дэлгэгдэв
Зөвлөлт Холбоот Улсын түүхэн дэх хамгийн залуу цуврал алуурчин гэгддэг Владимир Винничевскийн үйлдсэн аймшигт хэргүүдийн талаарх түүхэн баримтуудыг Оросын "Lenta.ru" цахим хуудас нийтэллээ.
"Уралын мангас" хочит тэрбээр 1938-1939 оны хооронд Свердловск, Нижний Тагил, Кушва хотуудад 2-4 насны 18 бага насны хүүхэд рүү халдаж, наймыг нь зэрлэгээр хөнөөсөн байдаг.
Владимир Винничевский 1923 оны зургаадугаар сарын 8-нд төрсөн бөгөөд тухайн үеийн Свердловск буюу одоогийн Екатеринбург хотод өсжээ. Түүний эцэг нь чекист асан, хотын аж ахуйн мастер, эх нь нягтлан бодогч байсан тул гэр бүл нь чинээлэг амьдралтай байв. Винничевский багаасаа ээрүү, бие султай, тааруу сурдаг байсан ч эцэг эх нь түүний дураар байлган, халаасны мөнгө болон хутгаар хангадаг байжээ.

Тэрбээр гадаа хараа хяналтгүй тоглож байсан бага насны хүүхдүүдийг хууран мэхлэх, эсвэл шууд хулгайлан эзгүй хашаа, цэцэрлэгт хүрээлэн, ой мод руу авч явдаг байв. Тэндээ хүүхдүүдийг хүчирхийлж, улмаар хутгалж болон боомилж амь насыг нь бүрэлгэдэг байжээ. Түүний халдлагад өртсөн хүүхдүүдийн арав нь хажуугаар өнгөрч явсан хүмүүс таслан зогсоож, хөөн зайлуулсны ачаар амьд үлдсэн баримт бий.
Эрх баригчид Винничевскийг 1939 оны аравдугаар сарын 24-ний өдөр ээлжит хүүхэд рүүгээ халдаж байх үед нь үйлдэл дээр нь баривчилжээ. Мөрдөн байцаалтын явцад түүний хийсэн хэргээ нууц тэмдэглэгээгээр баримтжуулсан дэвтэр олдсон байна.


Түүний үйлдсэн онц ноцтой гэмт хэрэг олон нийтийг төдийгүй төрсөн гэр бүлийг нь ихэд цочирдуулсан тул эцэг эх нь бүс нутгийн "Уральский рабочий" сонинд ил захидал нийтлүүлж, хүүгээсээ албан ёсоор татгалзан, цаазаар авах ял оноохыг шаарджээ.
Свердловск мужийн шүүх 1940 оны нэгдүгээр сарын 16-ны өдөр түүнд буудан хороох ял оноосон юм. Хэдийгээр Зөвлөлтийн хуулиар насанд хүрээгүй этгээдэд цаазын ял оноохыг хязгаарладаг байсан ч 1935 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдрийн тогтоолыг үндэслэн ялыг хэрэгжүүлсэн байна. Ийнхүү 17 настай гэмт этгээдийг 1940 онд цаазалснаар Зөвлөлтийн шүүхийн түүхэн дэх хамгийн залуу цуврал алуурчны хэрэг эцэслэгджээ.
Эх сурвалж:
• kp.ua
• dzen.ru
•
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.