Трамп: Украинд шинэ удирдлага хэрэгтэй
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украины төрийн тэргүүн Володимир Зеленский Оростой энхийн хэлэлцээ хийж дайныг зогсоож чадаагүй тул тус улсад шинэ удирдагч хэрэгтэй болсон гэж мэдэгдлээ. Тэрбээр Зеленскийг шатахууны үнэ өсөх гол шалтгаан болж байна хэмээн буруутгаж, тохиролцоонд хүрч чадах шинэ ерөнхийлөгч сонгох цаг болсныг сэтгүүлчдэд онцолсон байна.
Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй дизель түлш импортлох болон хориг арга хэмжээг сулруулах тохиролцоонд хүрсний дараа дээрх байр суурийг илэрхийлжээ. АНУ-ын Конгрессын завсрын сонгуулийн өмнө өсөж буй түлшний үнэд нэрвэгдсэн хэрэглэгчдийг дэмжихэд энэ алхам зайлшгүй шаардлагатай гэж тэрбээр үзэж байна. Мөн Путин энхийн зохицуулалт хийхэд бэлэн байгаа боловч Зеленский буулт хийхээс татгалзаж байна хэмээн шүүмжилсэн юм.
Үүний зэрэгцээ Трамп Украины зүгээс Оросын газрын тос боловсруулах үйлдвэрүүд болон эрчим хүчний дэд бүтцэд чиглэсэн нисгэгчгүй онгоц, пуужингийн цохилтуудыг нэн даруй зогсоохыг шаардав. Эдгээр дайралт дэлхийн түлшний нийлүүлэлтэд сөргөөр нөлөөлж байгааг сануулж, Украины ерөнхийлөгчийг олон улсад хүндрэл учруулах үйлдлээ таслан зогсоох ёстойг анхааруулжээ.
Харин Украины Ерөнхийлөгч Зеленский уг түлшний гэрээг эрс буруушааж, Орост дайнаа үргэлжлүүлэх санхүүжилт олгосон аймшигтай шийдвэр буюу Путинд барьсан бэлэг хэмээн нэрлэв. Түүнчлэн хэлэлцээ хийгдсэнээс хэдхэн цагийн дараа Оросын хүчин Запорожье хотын орон сууцны бүс рүү довтолж, 17-20 энгийн иргэний аминд хүрснийг тэрбээр хориг цуцалсны хариу талархал байв хэмээн мэдэгдсэн байна.
Эх сурвалж:
• cbc.ca
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.