Багтай этгээдүүд Италид таван сая еврогийн үнэтэй дарс хулгайлжээ
Италийн Тоскана мужийн Кортона хотод байрлах "Marchesi Antinori" дарсны үйлдвэрийн агуулахаас 5 сая гаруй еврогийн үнэлгээ бүхий 30 мянга орчим шил дээд зэрэглэлийн дарс хулгайд алдагдсан байна. Энэхүү хэрэг явдлыг тус улсын хууль сахиулах байгууллага болон салбарын мэргэжилтнүүд Италийн түүхэн дэх хамгийн том хэмжээний дарсны хулгай хэмээн тодорхойлжээ.
Гэмт этгээдүүд маш нарийн зохион байгуулалттай ажилласан бөгөөд баг зүүсэн 6-7 хүн уг үйлдвэрт нэвтэрсэн байна. Тэд агуулахын дохиолол болон хяналтын камерын системийг бүрэн ажиллагаагүй болгосны дараа хоёр том оврын ачааны машин авчирч, үйлдвэрийн өөрийнх нь өргөгч цахилгаан тэргэнцрийг ашиглан хайрцагтай дарсыг ачжээ. Уг дээрэм амралтын өдрүүдээр, далайн чанад дахь томоохон захиалагчдад бүтээгдэхүүн нийлүүлэх бэлтгэл хангаж байх үед гарсан бөгөөд ажилтнууд даваа гаргийн өглөө ажилдаа ирэхдээ хулгай гарсаныг илрүүлсэн аж.

Хулгайчид зах зээлд өндөр үнэ хүрдэг, цуглуулагчдын дунд эрэлттэй алдартай брэндүүдийг зориуд онилсон байна.
Тодруулбал, нэг шил нь 120-500 еврогийн хооронд үнэлэгддэг 2023 оны ургацын "Solaia" брэндийн 8,000-10,000 шил дарс, түүнчлэн "Tignanello", "Guado al Tasso" болон магнум савлагаатай "Barolo Ginestra" зэрэг нийт 3,000 орчим шил ховор төрлийн бүтээгдэхүүн хулгайд өртжээ.
1385 оноос эхтэй баялаг түүхтэй уг дарсны үйлдвэрийн гүйцэтгэх захирал Рензо Котарелла гэмт этгээдүүд маш өндөр бэлтгэлтэй байсныг дурдаад, ийм хэмжээний хохирол урьд өмнө учирч байгаагүйг тэмдэглэв.
Мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулахгүй байх үүднээс компани уг хэргийн талаарх мэдээллийг олон нийтэд нээлттэй мэдээлэхийг аравдугаар сарын 9 хүртэл түр хойшлуулжээ. Одоогийн байдлаар Италийн цагдаа болон Карабинерийн тусгай алба Тоскана мужийн авто замуудын хяналтын камерыг нарийвчлан шалгаж эхлээд байна. Учир нь их хэмжээний ачаа ачсан хоёр том тэрэг сэжиг авахуулалгүй хол зам туулах боломжгүй гэж шинжээчид үзэж байгаа юм.
Үүний зэрэгцээ үйлдвэрлэгч болон олон улсын дистрибьютерүүд дэлхийн өнцөг булан бүр дэх дарс цуглуулагчид, худалдаачдад сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа. Албан ёсны борлуулалтын сувгаас гадуур санал болгож буй сэжигтэй хямд худалдаанаас татгалзахыг уриалсан бөгөөд олон улсын хар зах зээлд эдгээр дарс зарагдахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг идэвхтэй авч эхэлжээ.
Эх сурвалж:
•
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.