Саудын Арабын нисэх онгоцны буудал пуужингийн цохилтод өртөж 13 хүн амиа алджээ
Саудын Арабын нийслэл Эр-Рияд хотын Хаан Халид олон улсын нисэх онгоцны буудалд Йемений хуситууд пуужингийн цохилт өгсний улмаас 13 хүн амиа алдаж, 300 гаруй хүн шархаджээ.
Бямба гаргийн уг халдлага нь сүүлийн арван гаруй жилийн хугацаанд тус улсын нутаг дэвсгэрт гарсан хамгийн олон хүний амь насыг авч одсон ноцтой дайралт болсныг албаныхан мэдэгдсэн байна.
Амиа алдагсдын дунд Саудын Арабын дөрөв, Бангладешийн хоёр, АНУ, Египет, Йордан, Палестин, Сири, Суданы тус бүр нэг иргэн байсан бөгөөд хожим Энэтхэгийн Элчин сайдын яамнаас шархадсан нэг иргэн нь нас барсныг зарласнаар хохирогчдын тоо 13-д хүрчээ. Уг явдлаас хойш 24 орчим цагийн дараа буюу ням гаргийн өдөр Хаан Халид нисэх онгоцны буудлын дотоодын нислэгийн цогцолбор болох 3, 4 дүгээр терминал дахин пуужингийн цохилтод өртөж, нэмж хүн гэмтсэн байна. Түүнчлэн Персийн булангийн эрэгт орших Даммам хотын Хаан Фахд олон улсын нисэх онгоцны буудал ч халдлагад өртсөнийг Саудын Арабын эрх баригчид батлав.
Йемений Ираны дэмжлэгтэй Хусит хөдөлгөөн уг цэргийн ажиллагааг зохион байгуулснаа мэдэгдсэн бөгөөд нийт дөрвөн удаа цохилт өгсөн гэж мэдэгджээ. Хуситуудын цэргийн хэвлэлийн төлөөлөгч, бригадын генерал Яхья Сари тайлбарлахдаа, Саудын Араб Йемений хуситуудын хяналтад байдаг бүс нутгуудад 120 гаруй удаа агаараас цохилт өгсний хариуд эдгээр дайралтыг хийсэн гэв.
Тэд мөн “Saudi Aramco” компанийн байгалийн хийн байгууламж болон газрын тос боловсруулах үйлдвэрийг онилсон хэмээн мэдээлж, Мекка, Мединагаас бусад бүх нисэх онгоцны буудлаар зорчихгүй байхыг олон улсын иргэний агаарын тээврийн компаниудад анхааруулжээ.
Цохилтын улмаас Эр-Рияд хотын Хаан Халид нисэх онгоцны буудал үйл ажиллагаагаа зогсоож, ирэх нислэгүүдийг өөр чиглэлд шилжүүлсэн байна. “Lufthansa Group”, “Air India”, “FlyDubai”, “Pakistan International Airlines” зэрэг томоохон агаарын тээвэрлэгчид тус чиглэлийн нислэгүүдээ цуцалжээ. Аюулгүй байдлыг хангах үүднээс Эр-Рияд хотын сургуулиудыг цахим сургалтын горимд шилжүүлсэн бөгөөд АНУ, Их Британи, Герман, Канад, Австрали зэрэг улсууд иргэддээ тус буудлаар дамжин өнгөрөхгүй байхыг сэрэмжлүүлсэн байна.
Олон улсын хэмжээнд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хуситуудын эсрэг Саудын Арабын цохилтод нэгдэх эсэхээ судалж байгаагаа дурдаж, Саудын угсаа залгамжлах хунтайж Мухаммед бин Салмантай хэлэлцэнэ гэдгээ илэрхийлэв. Мөн Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху энэхүү үйлдлийг террорист халдлага хэмээн буруушаажээ. Дайсагнагч талуудын харилцан цохилт ширүүсэж байгаа нь бүс нутгийн аюулгүй байдал, олон улсын агаарын тээвэрт ноцтой эрсдэл учруулсаар байна.
Эх сурвалж:
• cbc.ca
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.