🔴Ч.Лодойсамбуу: Сэтгүүлчид баян байхад уурлаж бухимдах шаардлага огт байхгүй
УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу сэтгүүлчид болон хэвлэл мэдээллийн салбарын өнөөгийн нөхцөл байдал, төр ба хэвлэлийн харилцаа, олон нийтийн хандлагын талаар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр сэтгүүлчид бие бие рүүгээ дайрч, маргалдаж буй өнөөгийн асуудлыг хувь хүмүүсийн субъектив маргаан гэж харахгүй байгаагаа онцлоод, энэ нь салбарын хэмжээнд заавал ярьж, нэг мөр цэгцлэх ёстой зарчмын асуудал гэдгийг тодотгов.
УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу:
-Төртэй хамтран ажиллах нэрийдлээр гэрээ хийдэг чөлөөт хэвлэл гэж байх ёсгүй. Төрийн эрх барьж буй албан тушаалтнууд нийтийн өмчийг дураараа захиран зарцуулж, зөвхөн нэг дарга жилдээ хэвлэл мэдээлэлд нэг тэрбум гаруй төгрөг зарцуулж байгаа нь татвар төлөгчдийн мөнгийг үргүй зарж буй хэрэг. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөг боомилж буй гол хүчин зүйл.
Энэ нь хэн нэгний зөв, буруу гэж маргахаас илүүтэй уг механизмыг бүрмөсөн таслан зогсоох шийдэл шаардсан асуудал. Зарим сэтгүүлчдэд "Тэгээд яаж амьдрах юм бэ" гэж хэцүү сонсогдож болох ч зах зээл дээрээ өрсөлдөхүйц чанартай бүтээгдэхүүн нийлүүлж, хүлээн зөвшөөрөгдөж, түүгээрээ орлого олж явахыг л чөлөөт зах зээл, чөлөөт хэвлэл гэнэ.
Сэтгүүлчдэд газар олгосон гэх асуудлыг хууль хяналтын байгууллага нь шалгаж тогтоох ёстой. Хууль тогтоогчийн хувьд төр, хэвлэл хоёрыг холбосон энэ их өмч, мөнгөний сүлжээг таслах нь миний үндсэн үүрэг. Сэтгүүлчид давуу эрхтэй иргэд биш тул хууль зөрчсөн бол бусдын л адил шалгуулах ёстой.
Нийгэмд сэтгүүлчдийг "заавал ядуу байх ёстой", "газар, хөрөнгөтэй байж болохгүй" гэж харах хандлага байдаг ч улс төр, сэтгүүл зүй хоёр нь нийгмийн санаа бодлоос айж биш, харин түүнийг манлайлж, зөв тийш нь чиглүүлж ажиллах үүрэгтэй.
Монголчууд нийтээрээ хэн нэгэн бизнес хийж, баян цатгалан, хангалуун амьдрахыг харж тэвчихгүй байгаа мэт хандлага ажиглагддаг. Яагаад ийм ойлголт үүссэн бэ гэхээр төрийн эрх мэдлийг дагаж, ямар ч бизнес хийгээгүй атлаа үе удмаараа тэрбумтан болсон хүмүүс бий болсонтой холбоотой. Мөн чөлөөт зах зээл гэж ярьдаг ч төртэй наалдсан бизнесүүд л томорч, тэдний үр хүүхдүүд хөлжиж ирсэн гашуун үнэн дээрээс нийгмийн энэ хандлага үүссэн. Тиймээс сэтгүүлчид 'Бид баян байж болохгүй юм уу' гэж жижиг асуудал дээр маргаж салбарынхаа зорилгыг унагах биш, харин иргэдээ хэрсүүжүүлэх, төрүүлсэн тэр шударга бус тогтолцоог арилгахын төлөө бүтээлээ чиглүүлж, шийдвэр гаргагчдыг шахах ёстой. Сэтгүүлчдийг баян, цатгалан байна гэж хэлэхэд эмзэглэх шаардлага огт байхгүй. Сэтгүүл зүйн бүх бүтээлийг мэдээ төдийхнөөр нэг саванд хийж дүгнэж болохгүй бөгөөд төрөл зүйл бүр өөрийн гэсэн онцлог, бодлого, зорилготой байдаг.
1998 онд батлагдсан Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулиар төрийн өмчит хэвлэл мэдээллийн байгууллага байхыг хориглосон атал өнөөдөр яам, агентлаг бүр дэргэдээ студи байгуулж, сэтгүүл гарган, данхайсан бүтэцтэй болсон.
Гэсэн хэдий ч төрийн дэргэдэх эдгээр албад чөлөөт сэтгүүлчидтэй хэзээ ч өрсөлдөж чадахгүй. Төрийн байгууллага дэргэдээ 100 хүнтэй телевиз байгууллаа ч тэд чөлөөт хэвлэлтэй өрсөлдөж чадахгүй. Жишээлбэл, Зариг.мн сайтын Н.Өнөрцэцэг ганцаараа яваад л тэднээс хамаагүй илүү гарч чадаж байна. 30-40 хүнтэй төрийн Хэвлэл мэдээллийн алба олон нийтэд мэдээллээ бүрэн хүргэж чаддаг уу гэвэл үгүй. Би өөрөө яамны хэвлэлийн албанд дөрвөн жил ажиллаж байсан, нөхцөл байдлыг нь мэднэ. Тэд зөвхөн даргынхаа хүсэл сонирхолд нийцүүлж, даргыгаа л гялтайлгах үүрэгтэй учир сэтгэлгээний болон илэрхийлэх хүрээ нь хязгаарлагдмал байдаг. Харин зах зээлийн хүлээн авагчид юу хүсэж байгааг чөлөөт сэтгүүлчид л илүү мэдэрдэг.
Монголын хэвлэл мэдээллийн зах зээл асар их боломжтой, орон зай нь онгорхой байгаа. Чөлөөт хэвлэл өөртөө итгэлтэй байж, зах зээлээ зөв мэдэрч ажиллавал төрийн хэвлэлийн албад хэзээ ч сэтгүүлчдийн өрсөлдөгч болж чадахгүй гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.