Ухаалаг утас ашиглан сард 10 мянган фунт стерлинг олдог залуугийн түүх
Их Британийн Лондон хотын оршин суугч, 22 настай Экноор Сингх цахим орчинд богино хэмжээний бичлэг эвлүүлэн түгээж, жилд 120 мянга гаруй фунт стерлинг (160 мянган ам.доллар)-ийн орлого олж байна.
Тэрбээр ердөө ухаалаг гар утас болон интернэт холболт ашиглан сар бүр хамгийн багадаа 10 мянган фунт стерлинг олдог мэргэжлийн "клиппер" буюу бичлэг таслагч болжээ.
Сингхийн цахим сүлжээнд хамгийн их хандалт авсан бүтээлүүдийн нэг нь Нью-Йорк хотод зохион байгуулагдсан "Met Gala" загварын наадмын үеэрх сонирхолтой агшин байв. Тэр поп дуучин Сабрина Карпентерын даашинзны хормой дээр хэн нэгэн гишгэх үеийн хариу үйлдлийг олж харан, босоо хэлбэртэй богино бичлэг болгон хувиргасан нь үзэгчдэд хүчтэй хүрсэн байна. Залуу бүтээгч олон нийтийг татахын тулд хөгжилтэй, анхаарал татахуйц бөгөөд түргэн үзэж болохуйц агшнуудыг эрэлхийлдэг болохоо онцолжээ.
Энэхүү ажлын үндсэн үйл явц нь урт хэмжээний бичлэгээс хамгийн сонирхолтой хэсгүүдийг ялган авахад чиглэдэг. Хувцасны брэндүүд, дуу бичлэгийн студиуд, кино компаниуд, цахим нөлөөлөгчид болон подкаст бүтээгчид өөрсдийн бүрэн хэмжээний бичлэгийг клипперүүдэд өгдөг байна.
Залуучууд эдгээр бичлэгээс 30-60 секундийн содон хэсгийг хайчлан бэлтгэж TikTok, Instagram Reels, YouTube Shorts сувгуудаар нийтэлдэг. Бичлэг таслагчид ихэвчлэн 16-25 насныхан байдаг тул захиалагчид залуу үзэгчдийн сонирхлыг татахын тулд тэдний зөн совинд бүрэн найддаг аж.
Мэргэжлийн түвшинд контент бэлтгэдэг залуус бичлэгийн платформуудаас 1000 үзэлт тутамд гурав хүртэлх ам.доллар буюу ойролцоогоор 2.30 фунт стерлинг олдог байна. Экноор Сингх анх дуучин Дуа Липагийн богино бичлэгийг нийтлээд 300 ам.доллар олж байсан нь түүнийг энэ чиглэлд эргэлт буцалтгүй орох эхлэлийг тавьжээ. Их хэмжээний зардал шаардахгүйгээр бүтээлч байдлаа ашиглан өндөр орлого олох энэхүү шинэ боломж залуу үеийнхний дунд хүчтэй дэлгэрч байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.