Экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд 2.4 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгоно
Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдээр мах, махан болон ноос, ноолууран бүтээгдэхүүнээс бусад эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, экспортод гаргадаг Улаанбаатар хотын бичил бизнес эрхлэгчдэд олгох хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтын гуравдугаар шат буюу Төсөл сонгон шалгаруулах хорооны хурал үргэлжилж байна.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2026 оны А/320 дугаар тушаалаар дээрх чиглэлийн бичил бизнес эрхлэгчдэд зээл олгох зорилгоор Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2.4 тэрбум төгрөгийн эх үүсвэр баталжээ.
Төсөл хүлээн авах цахим системээр 2026 оны есдүгээр сарын 2-ноос аравдугаар сарын 1-ний өдрийн 17:30 цаг хүртэл 30 хоногийн хугацаанд материал хүлээн авсан байна. Энэ хугацаанд Улаанбаатар хотоос 66 аж ахуйн нэгж бүртгүүлснээс 41 нь нийт 10 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлтээ цахим системээр баталгаажуулан ирүүлжээ.
Холбогдох журмын дагуу аж ахуйн нэгжийн борлуулалтын орлогоос хамаарч хүсэх зээлийн дээд хэмжээг тогтоодог. Ирүүлсэн зээлийн хүсэлтийн 73.2 хувь нь 200-300 сая төгрөгийн санхүүжилт хүссэн байна. “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам”-ын 11.3-т заасны дагуу төслийн сонгон шалгаруулалтыг гурван үе шаттай зохион байгуулдаг байна.
Эхний шатанд төслийн материалын бүрдэл, урьдчилсан судалгааг шалгаж, хоёрдугаар шатанд газар дээрх үнэлгээ хийдэг бол шаардлага хангасан төслүүдийг гуравдугаар шатанд Төсөл сонгон шалгаруулах хорооны хурлаар хэлэлцдэг. Сонгон шалгаруулалтын эхний шатанд 15 аж ахуйн нэгж, хоёрдугаар шатанд долоон аж ахуйн нэгж тэнцэж, эцсийн шатны хуралд төслөө танилцуулж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.