О.Батхүү: Хөрөнгөтэй байсныхаа төлөө мөнгө төлнө гэдэг хайран биш үү?

AI хөрвүүлсэн
О.Батхүү: Хөрөнгөтэй байсныхаа төлөө мөнгө төлнө гэдэг хайран биш үү?

Гараашийн татварыг хүчингүй болгох чиглэлээр эхлүүлсэн нийтийн өргөдөлд иргэд идэвхтэй оролцож, одоогоор 42 мянган хүн саналаа өгөөд байгааг хуульч О.Батхүү мэдээллээ. Тэрбээр уг өргөдлийн дэмжигчдийн тоог 100 мянгад хүргэж, хуулийг өөрчлөх шаардлагатай байгааг онцлон, иргэдийг идэвхтэй нэгдэхийг уриалав.

Хуульч О.Батхүү: 

-Татварын албанд иргэдийн оршин суугаа хаяг, утасны дугаар, дансны дугаар зэрэг хувийн бүх мэдээлэл төвлөрсөн байдаг. Одоогоор шууд нэхэмжлээгүй байгаа мэт харагдавч иргэдийн нэр дээр татварын өр тасралтгүй хуримтлагдан бүртгэгдсээр байгаа. Энэ нь нэг удаа төлөөд дуусгавар болох асуудал биш бөгөөд энэ жил 500 мянга, ирэх жил 600 мянга гэх мэтээр цаашид хэд болж өсөхийг таашгүй, татварын өр жилээс жилд нэмэгдэн бодогдох эрсдэлтэй. Энэ нь цахилгаан дулаан, ашиглалтын зардал, СӨХ-өөс тусдаа дүн.

Иргэдийн хувьд виз мэдүүлэх, банкнаас зээл авах эсхүл төрийн үйлчилгээ авах шаардлага тулгарах зэрэг хамгийн хариуцлагатай, эгзэгтэй мөчид гараашны татварын өр ил гарч ирнэ. Ингээд "Өрөө төлж байж энэ үйлчилгээгээ ав" гэж төрийн үйлчилгээг чагталж гацаадаг. Гэвч үүнд татварын албыг буруутгах боломжгүй, хууль нь нэгэнт ийм байгаа тул хуулийн заалтыг өөрчлөх цорын ганц үр дүнтэй гарц бол олон нийтийн санал асуулга юм. 

Тус татварын зохицуулалт нь 2000-аад оны үед олон нийтэд мэдэгдэлгүйгээр хуульчлагдсан заалт. Өнгөрсөн жилээс гараашуудыг тоолж бүртгэн, энэ жилээс эхлэн иргэд рүү "Гараашийн татвараа төлнө үү" гэсэн мессеж илгээж, бодит өр үүсгэж эхэлсэн. 

Гараашны татварыг жил бүр төлнө. 10, 20, 30 жил тасралтгүй төлнө гэсэн үг. Одоо нэг хувиар төлж байгаа. Хуулиараа хоёр хувь хүртэл өсгөх боломжтой. Хөрөнгөтэй байсныхаа төлөө мөнгө төлнө гэдэг хайран биш үү?  

Юмыг шүүмжлэх амархан, харин бодитоор өөрчлөх нь хүчин чармайлт шаарддаг. Тиймээс бүгдээрээ санаачилгаа дэмжиж, өнөөдөртөө багтаан 100 мянган гарын үсэг цуглуулж уг татварыг хүчингүй болгоцгооё гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.