Х.Нямбаатар эх орондоо хэзээ ирэх товоо ирэх долоо хоногт зарлана гэв
Улаанбаатар хотын захирагч асан Х.Нямбаатар өөрийн цахим хуудсаараа дамжуулан нийтэд хандаж, үүсээд буй асуудлууд болон эх орондоо хэзээ эргэн ирэх талаараа албан ёсны байр сууриа илэрхийллээ.
Авлигатай тэмцэх газраас түүнд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсаны дараа хийсэн тус мэдэгдэлдээ тэрбээр ирэх долоо хоногт тодорхой хугацааг зарлана гэдгээ онцолсон байна.
Одоогийн байдлаар гадаадад суралцаж буй түүнийг хэзээ эргэж ирэх талаар олон нийтийн дунд таамаглал, эргэлзээ үүсээд байсан юм. Х.Нямбаатар буцаж очихоо батлаад, эрх баригчдыг өөрийг нь "нийтийн дайсан" болгон харагдуулах замаар бодит хүндрэлүүдийг нуун дарагдуулахгүй байхыг сануулав. Түүнчлэн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт хэрээс хэтэрч, шатахууны хомстол болон урт дараалал арилахгүй байгаад Засгийн газар үндсэн ажлаа хийх ёстойг шүүмжилсэн байна.
Мөн хууль сахиулах байгууллагынханд ажлаа зохих ёсоор хийхийг сануулахын сацуу төрийн удирдах албан тушаалтнуудтай холбоотой хэд хэдэн асуудлыг хөндлөө. Тухайлбал, Хил хамгаалах ерөнхий газрын дарга Ж.Бямбасүрэн нь Нөмрөгийн түймрийн асуудалтай холбогдсон "Хавт Хасар" гэх нэрийн улмаас хамгаалагдаж үлдсэн гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм. Үүнээс гадна гүйцэтгэх засаглалын тэргүүнийг хамаарал бүхий компанидаа 3.5 тэрбум төгрөгийн санхүүжилт авахыг завдсан үйлдэлдээ анхаарал сарниулах бус, ёс зүйн хариуцлага хүлээх ёстой хэмээн мэдэгдэв.
Авлигатай тэмцэх газраас түүнийг яллагдагчаар татан шалгаж буйгаа аравдугаар сарын дундуур албан ёсоор мэдээлсэн билээ. Хуулийн байгууллагын шалгалт болон улс төрийн хүрээн дэх маргаан өрнөж буй цаг үед түүний хийсэн мэдэгдэл олон нийтийн анхаарлыг татаж байна. Экс даргын товлосон хугацаандаа эргэн ирэх эсэх болон хууль сахиулагчдад өгөх мэдүүлэг нь уг шалгалтын цаашдын явцад голлох нөлөө үзүүлэхээр байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.