БНСУ-ын Бүчон хотын үйлдвэрт гарсан түймрийн улмаас долоон хүн гэмтжээ
БНСУ-ын Сөүл хотын баруун талд орших Кёнги аймгийн Бүчон хотын металл боловсруулах, бүрэх болон хэвлэх үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрт өнөөдөр /2026.10.16/ өглөө гал түймэр дэгдэж, долоон хүн бэртэж гэмтсэн байна.
Урьдчилсан мэдээллээр гал угаалга, цэвэрлэгээний хэсэгт металл цэвэрлэх болон шахах ажлын явцад гарчээ. Үйлдвэрийн талбайд аюултай бодисын ангилалд багтдаг шатамхай шингэн болон будаг шингэлэгч их хэмжээгээр хадгалагдаж байсан нь галын эрчийг нэмэгдүүлж, богино хугацаанд тархжээ.
Энэ үеэр гал сөнөөгчдийн нэг нь утаанд хүчтэй хордон зүрх нь зогсож, эмнэлэгт хүргэгдсэн байна. Мөн өөр нэг аврагч ухаан алдан хүнд гэмтсэн бол гурван гал сөнөөгч утаанд хордож, халууны цохилтод орсон байна. Түүнчлэн үйлдвэрийн хоёр ажилтан түлэгдэж, угаартсан байдалтайгаар эмнэлэгт хүргэгджээ.
Гал түймрийг унтраах ажиллагаанд 80 орчим гал сөнөөгч, 38 нэгж тусгай техник дайчлагдсан юм. Онцгой байдлын албанаас эхний дуудлагаас хойш 19 минутын дараа нэгдүгээр түвшний түгшүүр зарласан бөгөөд 09:09 цагт зэргэлдээх дүүргүүдээс хүч нэмэгдүүлэн хоёрдугаар түвшинд шилжүүлжээ. Аврагчдын шуурхай ажиллагааны үр дүнд 10:22 цаг буюу ойролцоогоор нэг цаг 44 минутын дараа галын тархалтыг бүрэн хянаж, үлдэгдэл цог нурмыг унтрааж дууссан байна.
Эх сурвалж:
• mk.co.kr
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.