Төмөр замын политехник коллежийн захирал асны хэргийг шүүх шийдвэрлэнэ
Монгол, Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын харьяа Политехник коллежийн захирлаар ажиллаж байсан Ё.Бямбатогтох, тус сургуулийн багш Б.Сарнай нарт холбогдох хэргийг Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч нар хэлэлцэхээс татгалзлаа. Ингэснээр нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн тэдэнд холбогдох хэргийг шийдвэрлүүлэх ёстой гэсэн магадлал хүчин төгөлдөр болж байна.
Тус коллежийн ахлах багшийн түр орон тоонд ажиллаж байсан Б.Сарнайг тухайн албан тушаалын сул орон тоонд томилохын тулд захирлаар ажиллаж байхдаа Ё.Бямбатогтох нь Монгол бөхийн өргөө орчимд 2.5 сая хахууль авсан гэнэ. Улмаар түүнийг ахлах багшийн орон сул орон тоонд ажилтан сонгон шалгаруулж авахаар 2025 оны арваннэгдүгээр сард комисс томилж, өөрөө даргаар нь оролцон гишүүддээ нөлөөлөн Б.Сарнайг тэнцүүлсэн. Эхний ээлжид болзол шаардлага хангасан Ц.Б гэх хүнийг уг албан тушаалд томилолгүйгээр 2025 оны арванхоёрдугаар сард Б.Сарнайг ажилд авч, хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай тушаалыг гарган, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн хэрэгт холбогдсон юм.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх өнгөрсөн зургаадугаар сард уг хэргийг хэлэлцээд нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорын хяналтад буцаах захирамж гаргасан аж. Үүнийг нь Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Ш.Анужин эсэргүүцэж давж заалдах шатны шүүхэд хандсан байна. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгожээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.