Конор Кеннеди Бразилын дуучин Жулия Бетэй Рио-де-Жанейрод хуримлалаа
АНУ-ын 35 дахь Ерөнхийлөгч Жон Кеннедигийн ач дүү, хуульч Конор Кеннеди болон Бразилын алдартай дуучин, жүжигчин Жулия Бе нар Рио-де-Жанейро хотод гурван өдөр үргэлжилсэн нижгэр хуримаа хийлээ.
Хосууд 2024 оны наймдугаар сард сүй тавьж, 2026 оны гуравдугаар сард Лос-Анжелес хотод гэрлэлтээ албан ёсоор батлуулсан бол аравдугаар сарын 8-10-ны хооронд Бразилд баярын гол ёслолуудаа ёслол төгөлдөр зохион байгуулжээ.
Хуримыг Кеннедигийн гэр бүлийн уламжлалт Массачусетс дэх эдлэнд бус Бразилд хийх шийдвэрийг сүйт бүсгүй гаргасан бөгөөд хүргэний гэр бүлийнхэнд төрөлх хотынхоо соёл, өнгө аясыг танилцуулахыг зорьсон байна. Баярын арга хэмжээ Мансао до Алто харшид болсон үдэшлэгээр эхэлж, алдарт Унидос де Вила Изабел самба хамтлаг тоглолтоо сонирхуулжээ. Түүнчлэн Корковадо уулын орой дахь Христ Аврагчийн хөшөөний дэргэдэх сүмд хосууд адис авах ёслол үйлдсэнээс гадна Ипанема далайн эрэгт зочдын дунд элсний гар бөмбөгийн нөхөрсөг тэмцээн зохион байгуулав.
Шашны албан ёсны гэрлэлтийн ёслол аравдугаар сарын 10-ны өдөр Португал болон Бразилын хаадын сүм байсан Кармелийн дагинын түүхт сүмд өрнөжээ. Үүний дараа Рио-де-Жанейро хотын Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн ойролцоох Институто Брандо Барбоза хэмээх түүхэн харшид хүлээн авалт үргэлжилсэн байна. Хуримын дараах үдэшлэг Фасано зочид буудалд болж, зочид далайн эрэг дээр нар мандахыг хамтдаа угтсанаар баяр өндөрлөжээ.

Хүргэний эцэг бага Роберт Кеннеди болон түүний гэргий, жүжигчин Шерил Хайнс зэрэг өндөр зэрэглэлийн зочид хүрэлцэн ирсэн тул аюулгүй байдлыг онцгой чангатгасан байна. Засгийн газрын тусгай хамгаалалттай цувааны хөдөлгөөний улмаас Бразилын холбооны цагдаагийн байгууллагаас хотын төвийн хэд хэдэн гол гудамжийг түр хугацаанд хаажээ. Өдгөө 32 настай Конор Кеннеди нь өмнө нь Украины Олон улсын легионы бүрэлдэхүүнд байлдааны ажиллагаанд оролцож байсан юм.
Сүйт бүсгүй Жулия Бе гурван өдрийн турш Харрис Рид, Калвин Клайн, ЙоланКрис болон ПатБо зэрэг алдартай брэндүүдийн урласан таван өөр даашинзаар гоёсон байна. Харин Конор Кеннеди Бразилын оёдолчин Васко Васконселлосын тусгай захиалгаар хийсэн хослолуудыг өмсжээ.
Эх сурвалж:
•
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.