"Чингис хаан" аялал жуулчлалын цогцолборын мэдээллийн төвийн барилга угсралт 90 хувьтай үргэлжилж байна
“Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх” төслийн Хэнтий дэд төслийн хэрэгжилт, бүтээн байгуулалтын явцтай ССАЖЗ-ын сайд Ж.Алдаржавхлан танилцлаа. Тус төсөл нь Онон-Балжийн байгалийн цогцолборт газарт тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний загвар бий болгох, байгаль хамгаалал, аялал жуулчлал, эдийн засгийн асуудлыг цогцоор нь шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой.


Төслийн хүрээнд нийт 286 га орчим эдэлбэр газарт бүтээн байгуулалт өрнүүлж байгаа бөгөөд дараах ажлуудыг бүрэн дуусган, ашиглалтад хүлээлгэн өгчээ. Үүнд:
-Дадал сумын хатуу хог хаягдлын ландфилл байгууламж;
-Дадал сумын төвөөс “Чингис хаан” аялал жуулчлалын цогцолбор хүртэлх авто зам, авто зогсоол, цахилгаан дамжуулах шугам;
-Орон нутгийн иргэдийн санал, оролцоонд тулгуурласан тохижилтын зургаан жижиг төсөл багтаж байна.

Харин “Чингис хаан” аялал жуулчлалын цогцолборын 2,580 ам метр талбай бүхий мэдээллийн төвийн барилга угсралтын ажил 90 хувийн гүйцэтгэлтэй, дуусах шатандаа хүрчээ. Мөн угаалга, үйлчилгээний төвийн барилга угсралтын ажил таван хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Монгол Улсын Засгийн газар болон Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас зүүн бүсийг түүхэн аялал жуулчлалын төв болгон хөгжүүлэх бодлогын хүрээнд “Чингис хаан” аялал жуулчлалын цогцолборын бүтээн байгуулалтыг төлөвлөсөн хугацаанд нь дуусгахад анхаарч ажиллаж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.