“Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор”-ын шав тавих ёслол боллоо

“Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор”-ын шав тавих ёслол боллоо

Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгжүүлэх “Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалтыг эхлүүлэх шав тавих ёслол 2026 оны 10 дугаар сарын 15-ны өдөр нийслэлийн Баянзүрх дүүргийн 36 дугаар хорооны нутаг дэвсгэр, Хүннүгийн гудамжинд боллоо.

Ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны хэргийг Түр хамаарагч Цао Ли, албаны төлөөлөл, Монголын шилдэг тамирчин, дасгалжуулагч, спортын салбарын төлөөлөл оролцов.

viber_image_2026-10-15_16-32-17-101.jpg

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ёслолыг нээж хэлсэн үгэндээ энэхүү төсөл нь Монгол, Хятадын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа, харилцан итгэлцэл, хоёр орны ард түмний найрамдал, нөхөрлөлийн бодит илэрхийлэл болохыг онцоллоо. Төслийг 2018, 2019 онд хоёр улсын Засгийн газар хооронд байгуулсан “Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийн хүрээнд хэрэгжүүлж байгаа бөгөөд БНХАУ-ын 779 сая юаны буцалтгүй тусламжаар санхүүжүүлнэ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх спорт цогцолбор ашиглалтад орсноор хүүхэд, залуучуудын авьяас чадварыг хөгжүүлэх, тамирчдын бэлтгэл сургуулилтын орчин нөхцөлийг сайжруулах, бүх насны иргэдийн биеийн тамир, спортоор тогтмол хичээллэх боломжийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтойг тэмдэглэв. Мөн төслийг дэмжин хэрэгжүүлж буй БНХАУ-ын дарга Ши Жиньпин, БНХАУ-ын Засгийн газар, ард түмэнд Монголын ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийллээ.

viber_image_2026-10-15_16-32-16-628.jpg
Спорт цогцолбор нь нийт 58,247 ам метр талбайтай бөгөөд спортын 19 төрлөөр нэгэн зэрэг 1,385 хүн, олон ээлжээр 6,000 гаруй хүн хичээллэх боломжтой байхаар төлөвлөжээ. Өдөрт 8,000–10,000 хүнд үйлчлэх хүчин чадалтай тус цогцолборт спортын заал, тоглоомын талбай, сургалтын танхим, спортын оношилгоо, нөхөн сэргээх болон худалдаа, үйлчилгээний зориулалттай талбайнуудыг байгуулахаар төлөвлөсөн байна.

50b5998f13cb4330b6a6a42a1ac119cb

Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Шэньси констракшн инженеринг групп корпорэйшн” компани ажиллаж байгаа бөгөөд бүтээн байгуулалтыг 2030 онд дуусган ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Энэхүү бүтээн байгуулалт ашиглалтад орсноор нийтийн биеийн тамир, спортоор хичээллэх хүртээмжийг нэмэгдүүлэх, хүүхэд, залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх орчин бүрдүүлэх, үндэсний шигшээ баг болон тамирчдын бэлтгэл сургуулилтын нөхцөлийг сайжруулахын зэрэгцээ Монгол Улсад олон улсын хэмжээний спортын арга хэмжээ зохион байгуулах боломжийг өргөжүүлэх ач холбогдолтой юм.

viber_image_2026-10-15_16-32-18-055.jpg

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.