🔴З.Мэндсайхан: Ирэх сараас эхлэн ахмадуудын тэтгэврийг нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ
УИХ-аас Засгийн газрын өргөн барьсан төсвийн тодотголын төслийг баталсантай холбогдуулан Сангийн сайд З.Мэндсайхан мэдээлэл хийлээ. Төсвийн тодотгол батлагдсанаар Засгийн газрын өргөн мэдүүлсэн хөтөлбөрүүд ирэх 11 дүгээр сарын 1-ний өдрөөс албан ёсоор хэрэгжиж эхлэхээр болж байна.
Сангийн сайд З.Мэндсайхан:
-Засгийн газар батлагдсан төсвөөс нэг их наяд 440 тэрбум төгрөгийн зардлыг танасан. Ийнхүү зардлыг танаж үүсгэсэн орон зайгаараа төсвийн тодотголоор дамжуулан 11 дүгээр сарын 1-нээс эхлэн ахмадуудынхаа суурь тэтгэврийг нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ. Ингэснээр нийт 435 мянган ахмадын тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэхээр болж байна.
Мөн багш нарын цалингийн үлдэгдлийн асуудлыг бүрэн шийдвэрлэсэн. Эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнуудын цалинг 11 дүгээр сарын 1-нээс эхлэн 20 хувиар нэмэгдүүлэхээр болсон. Мөн соёл, спорт зэрэг төрийн үйлчилгээний бусад салбарын албан хаагчдын цалинг 35-50 хувиар буюу эмч, багш нарын цалингийн түвшинд хүргэж нэмэгдүүлэх боломжийг хуульчлан бүрдүүлсэн.
Мөн үнийн өсөлт өндөр байгаа өнөө үед улирлын шинж чанартай хомстолоос үүдэн хүнсний өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсөхөөс сэргийлэх, гол нэрийн барааны нөөц бүрдүүлэхэд шаардагдах татаасын асуудлыг хөдөө аж ахуйн салбарт шийдвэрлэж өгсөн. Үүнээс гадна энэ өвлийн өвөлжилтийн бэлтгэлийг найдвартай хангах, эрчим хүчний салбарт цахилгаан, дулааны үнийг нэмэхгүй байх Засгийн газрын бодлогыг төсөвт суулгасан. Эрчим хүчний найдвартай ажиллагааг хангах засвар үйлчилгээний зардлыг шийдвэрлэсэн.
Иргэд "Эрдэнэс Тавантолгой" компанийн 1072 хувьцааг шууд эзэмшдэг тул тус компани ногдол ашиг тараах үед бэлнээр дансанд нь ордог. Харин "Оюутолгой" төслийн хувьд Монгол Улсын Засгийн газар 34 хувийг, "Рио Тинто" компани үлдсэн хувийг эзэмшдэг. Одоо мөрдөгдөж буй Баялгийн сангийн тухай хуулиар төрийн ногдол ашиг нь Хуримтлалын нэгдсэн санд төвлөрөх ёстой, иргэн бүрийн дансанд бэлнээр олгох хуулийн зохицуулалт байхгүй.
Засгийн газраас өргөн мэдүүлсэн төслөөр ногдол ашгаас нэг их наяд төгрөгийг Хуримтлалын сан буюу иргэдийн нэрийн дансанд байршуулан 2030 он хүртэл хадгалж, эрүүл мэнд, боловсрол, орон сууцны ипотекийн санхүүжилтийн эх үүсвэрт банкаар дамжуулан зарцуулахаар тусгасан. Харин үлдсэн хоёр их наяд төгрөгийг улс орон даяар тулгамдаж буй эрчим хүч, дулааны хомстолыг шийдвэрлэх суурь дэд бүтэц, тухайлбал ДЦС-6 болон аймгуудын дулааны станцын бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтад зарцуулахаар төлөвлөжээ. Үүнтэй холбогдуулан Засгийн газраас иргэдээсээ 14 хоногийн хугацаатай санал асуулга авч, үр дүнг УИХ-д танилцуулан эцсийн шийдвэрийг гаргуулна.
"Оюутолгой"-н хөрөнгө оруулалттай холбоотой дэд бүтцийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэх тусгай хуулийн төслийг төсвийн хуультай дагалдуулан өргөн барьсан. Нийт хоёр их наяд төгрөгийн төсөвт өртөг, санхүүжих дүн нь 2028, 2029 оны төсөвт ямар нэгэн дарамт, нөлөөлөл үзүүлэхгүй байхаар зохицуулагдсан гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.