Истанбул хотод үерийн улмаас гурван хүн амиа алджээ

Истанбул хотод үерийн улмаас гурван хүн амиа алджээ
Туркийн Истанбулд аадар бороо орсны улмаас 2026 оны 10 дугаар сарын 14-нд үер бууж, гурван хүн амиа алджээ. Туркийн Зам тээвэр, дэд бүтцийн яамны мэдээлснээр, Истанбулын нисэх онгоцны буудалд буух боломжгүй болсон нийт 43 нисэх онгоцны чиглэлийг өөр нисэх буудлууд руу өөрчилсөн байна. Үүнээс 39 нислэгийг Туркийн нутаг дэвсгэр дэх өөр нисэх буудлууд руу, дөрвөн нислэгийг гадаад улс руу чиглүүлжээ.
 
Түүнчлэн үерийн улмаас метроны буудлууд, авто замын нүхэн гарцууд болон гол замууд усанд автсан байна. Гэсэн хэдий ч пүрэв гарагийн өглөөнөөс эхлэн нийтийн тээврийн үйлчилгээ аажмаар хэвийн болж эхэлсэн байна.
 
Эрх баригчид нийт зургаан мужид хичээл сургалтыг түр зогсоож, иргэдийг гэрээсээ гарахгүй байхыг уриаллаа. Истанбул хотын захиргааны мэдээлснээр, Бейкоз дүүрэгт хур тунадасны хэмжээ 242 миллиметрт хүрсэн нь 1985 оноос хойш тус хотод бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлтүүдийн нэг болжээ. Хотын захиргаанд цаг агаарын аюултай үзэгдэлтэй холбоотой нийт 6937 дуудлага, мэдээлэл ирсэн байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.