Монгол Улсад трактор угсрах төв байгуулна
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат өнгөрсөн зургаадугаар сард Бүгд найрамдах Беларусь улсад ажлын айлчлал хийх үеэрээ тус улстай хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллахаар таван баримт бичигт гарын үсэг зурсан юм.
Тэдгээрийн нэг нь ХАА-н техник тоног төхөөрөмж нийлүүлэх, трактор угсрах төв байгуулах тухай ХХААХҮЯ-ны харьяа “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК болон Бүгд найрамдах Беларусь улсын Минскийн тракторын үйлдвэр (МТЗ) хооронд байгуулсан санамж бичиг байв. Энэ санамж бичгийн хүрээнд Минскийн 35 болон 50 морины хүчтэй тракторыг Монголд угсран дотоодын аж ахуйн нэгжүүдэд нийлүүлэхээр болсон.
Мөн сайд Ц.Идэрбат Минскийн тракторын үйлдвэрийн Ерөнхий захирлын орлогч А.А.Казакевичтэй уулзаж хамтын ажиллагааны талаар санал солилцсон юм. Ийнхүү хоёр тал харилцан тохиролцсоны дагуу трактор угсрах төв байгуулах судалгаа, төлөвлөлт зэрэг бэлтгэл ажлууд хийгдэж байна.
Энэ хүрээнд Бүгд найрамдах Беларусь улсын Минскийн тракторын үйлдвэр (МТЗ)-ын Төсөл, технологийн хэлтсийн дарга Бабарико Дмитрий Эдуардович Монгол Улсад хүрэлцэн ирээд байна. Тэрбээр Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд ажиллаж, трактор угсрах төв байгуулах боломжтой гэж үзэж буй барилга, байгууламжтай газар дээр нь танилцав.
“Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэрийн хүнс, барааны төв агуулах байсан барилга байгууламж нь 2015 оноос хойш ашиглагдаагүй бөгөөд төмөр замын өртөөнд ойр байрладгаараа давуу талтай. Уг барилга байгууламжийн дотоод зохион байгуулалт, хийцийг өөрчилснөөр жилд 80 морины чадалтай 3000 хүртэл трактор угсрах төв байгуулах боломжтой гэдэг дүгнэлтэд хүрснээ Бабарико Дмитрий Эдуардович хэллээ. Монгол Улсын талаас барилга, байгууламжийн засвар, шинэчлэлийн ажлын хөрөнгө оруулалтыг шийдэж, бүтээн байгуулалтыг шуурхай хийж гүйцэтгэх юм бол трактор угсрах төвийн шугамыг гурван сарын дотор суурилуулан бэлэн болгох боломжтой гэдгийг тэрбээр мөн дурдав.
Трактор угсрах төв байгуулагдсанаар Монгол Улсын хөдөө аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийн бүтээмж, техник технологийн шинэчлэлд бодит хувь нэмэр оруулах ач холбогдолтой юм. Минскийн тракторын үйлдвэр нь 1946 онд байгуулагдсан. Өнгөрсөн 80 жилийн хугацаанд тус үйлдвэр дөрвөн сая гаруй трактор үйлдвэрлэжээ. Жилд 45 мянга орчим машин үйлдвэрлэдэг бөгөөд бүтээгдэхүүний 90 гаруй хувь дэлхийн 125 оронд экспортлогддог нь дэлхийн тракторын зах зээлийн 8-10 хувийг эзэлж байна. Манай улс 1960-аад оноос тус үйлдвэрийн тракторуудын хөдөө аж ахуйн салбарт ашиглаж ирсэн юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.