Аргентинд их сургуулийн санхүүжилтийг эсэргүүцсэн жагсаал мөргөлдөөнөөр өндөрлөв
Аргентины нийслэл Буэнос-Айрес хотноо олон мянган багш, оюутан, үйлдвэрчний эвлэлийн гишүүд Үндэсний Конгрессын ордны гадна цуглан, их дээд сургуулиудын төсөв болон багш нарын цалинг нэмэгдүүлэхийг шаардан эсэргүүцлийн жагсаал зохион байгууллаа.
Энэхүү жагсаал нь Ерөнхийлөгч Хавьер Милей төрийн эрхэнд гарснаас хойших тав дахь удаагийн Холбооны Их Сургуулийн жагсаал болж буйгаараа онцлог юм. Жагсаалд Conadu, AGD-UBA, ATE зэрэг томоохон үйлдвэрчний эвлэлүүд болон сөрөг хүчний төлөөллүүд нэгдэн, парламентаас баталсан Их, дээд сургуулиудын санхүүжилтийн хуулийг цаг алдалгүй хэрэгжүүлэхийг шаарджээ. Уг хуульд их сургуулийн ажилтнуудын цалинг инфляцтай уялдуулан нэмэгдүүлэх, оюутны тэтгэлгийг сэргээх, их сургуулиудын хэвийн үйл ажиллагааны төсвийг баталгаажуулах заалтууд багтсан байдаг.
Үйлдвэрчний эвлэлүүдийн гаргасан тоо баримтаас үзвэл, Милейн засаг захиргааны хугацаанд инфляцын хуримтлагдсан түвшин 344 хувийг давсан ч багш нарын цалин ердөө 236 хувиар өссөн нь тэдний бодит орлогыг 30 гаруй хувиар бууруулсан байна. Түүнчлэн 2026 оны эхний хагаст улсын их сургуулиудын бодит санхүүжилт өмнөх онтой харьцуулахад 40 орчим хувиар танагджээ. Санхүүгийн хүнд нөхцөл байдлын улмаас ганцхан Буэнос-Айресын Их Сургуулиас гэхэд 1,200 гаруй багш, эрдэм шинжилгээний ажилтан хувийн салбар руу шилжих эсвэл ажлаа бүрмөсөн орхиход хүрсэн байна.
Конгрессын ордны орчимд эхэндээ тайван өрнөж байсан цуглаан цагдаагийн хаалт руу жагсагчид чулуу шидсэнээр мөргөлдөөн болон хувирчээ. Аюулгүй байдлын хүчнийхэн нулимс асгаруулагч хий, ус шүршигч ашиглан олон нийтийг албадан тараах үеэр сэтгүүлчид болон багш, оюутнууд хийн цохилтод өртсөн байна. Мөргөлдөөний улмаас хууль сахиулах байгууллагын найман алба хаагч бэртэж, 25-34 хүнийг баривчилжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.