Зэгсний гахай, аргаль агнасан хүнд ял шийтгэж, 52 сая төгрөг нөхөн төлүүлнэ
Ховд аймгийн Прокурорын газраас орон нутгийнхаа хэмжээнд хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийн сүүлийн гурван жилийн нөхцөл байдлыг судалжээ. Энэ хугацаанд гарсан нийт хэргийн тав орчим хувийг уг төрлийн гэмт хэрэг эзэлсэн бөгөөд Прокурорын газраас 79 хэрэгт хяналт тавьсан аж. Тэгвэл 2026 он гарснаас хойш хүрээлэн буй орчны эсрэг 36 хэрэгт хяналт тавьсан нь өмнөх жилээсээ 80 хувиар өссөн үзүүлэлт гэнэ. Ховд аймгийн Прокурорын газрын хүний эрх, нийтийн ашиг сонирхол хамгаалах ажил хариуцсан хяналтын прокурор Э.Алтанцэцэгийн өгүүлснээр хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох болон ан агнасан үйлдэл нийт хэргийн 90 хувийг эзэлж буй аж.
Тодруулбал, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн 40 гаруй хувь нь хууль бусаар ан агнасан үйлдэл байгаа юм. Тэрбээр “Ховд аймаг нь газар зүйн хувьд өвөрмөц онцлогтой, ховор ан амьтад ч ихтэй. Алтайн өндөр уулс, говь, хээр, гол мөрөн, нуур, ус намгархаг газар зэрэг экологийн харилцан адилгүй орчин нь аргаль, янгир, хар сүүлт, зэгсний гахай зэрэг уул болон хээрийн амьтад, мөн усны болон нүүдлийн шувууд, загасны төрөл зүйлийн амьдрах орчин болдог. Ховд аймгийн хэмжээнд хууль бусаар ан агнах гэмт хэрэг сүүлийн гурван жилийн байдлаар 32 бүртгэгдсэн. Үүнээс ховор амьтан болох зэгсний гахай ес, алтайн сугас загас зургаа, аргаль тав, хар сүүлт дөрөв, хойлог шувуу гурав, янгир хоёр, хотон, бор галуу, тарвага агнасан гэмт хэрэг тус бүр нэг гарчээ. Хууль бусаар ан агнах гэмт хэргийн дийлэнх нь улсын тусгай хамгаалалттай газар нутагт үйлдэгдсэн байна. Ховд аймаг Хар-Ус нуур орчмын улсын тусгай хамгаалалттай, Хөх сэрхийн нурууны дархан цаазат, Цамбагарав уулын, Мянган Угалзатын, Мөнххайрхан уулын байгалийн цогцолборт, Шарга манханы, Алтан хөхийн, Сутай хайрхны, Булган голын байгалийн нөөц газар зэрэг улсын тусгай хамгаалалттай газар нутагтай. Иргэд улсын тусгай хамгаалалттай газар нутагт, ховор, нэн ховор амьтны жагсаалтад орсон зэгсний гахай, аргаль, янгир зэрэг амьтныг агнах тохиолдол гарч байна.
Хууль бусаар ан агнах гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд Эрүүгийн хуульд зааснаар 5.4-40 сая төгрөгөөр торгох, 1-5 жил хүртэл хугацаагаар зорчих эрх хязгаарлах, эсхүл 1-8 хүртэл жилийн хугацаагаар хорих ял оноохоор тусгасан байдаг. Дан ганц эрүүгийн хариуцлага хүлээлгээд зогсохгүй амьтны аймагт учирсан хохирлыг Байгаль орчныг хамгаалах, Амьтны тухай хуульд зааснаар экологи, эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр тооцож гаргуулах, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан зэвсэг, техник хэрэгслийг хурааж улсын орлого болгодог хуулийн зохицуулалттай” гэлээ.
Ховд аймгийн Буянт сумын нутаг, Хар-Ус нуурын тусгай хамгаалалттай газрын Цагаан голоос 2025 оны арваннэгдүгээр сард ховор амьтны жагсаалтад орсон зэгсний гахай, аргаль агнасан хэрэгт Ховд аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, шүүхээр шийдвэрлүүлжээ.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд шүүхээс долоон сая төгрөгөөр торгох ял шийтгэж, экологид учруулсан хохиролд 55.7 сая төгрөг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын санд, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ дөрвөн сая төгрөг гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэсэн аж. Ховд аймгийн Прокурорын газраас сүүлийн гурван жилийн хугацаанд хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг үйлдсэн 56 хүнд холбогдох 29 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлсэн байна. Тус аймгийн шүүх хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг үйлдсэн 21 шүүгдэгчид торгох ял, 20 иргэнд хорих ял оноохгүйгээр тэнсэх, хоёр хүнд зорчих эрхийг нь хязгаарлах, нэгд нь нийтэд тустай ажил хийлгэх ял оноосон гэнэ.
Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгуулах болон хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээг хангах зорилгоор хэрэг бүртгэх, мөрдөн шалгах ажиллагааны явцад 21 төрлийн 551.9 сая төгрөгийн үнийн дүн бүхий техник, тээврийн хэрэгслийг битүүмжлэх, шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах замаар хөрөнгө хамгаалах арга хэмжээ авч, шүүхээр 149.3 сая төгрөгийн үнэ бүхий эд зүйл, хөрөнгө орлогыг улсын орлого болгожээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.