Франц даяар өрнөсөн эсэргүүцлийн жагсаал мөргөлдөөн болж хувирлаа
Франц даяар амьжиргааны өртөг нэмэгдсэнийг эсэргүүцсэн олон нийтийн жагсаал өнгөрсөн бямба, ням гаргуудад хүчирхийлэл, эмх замбараагүй байдал болон даамжирч, цагдаа нар 1200 гаруй хүнийг саатуулаад байна.
Дотоод хэргийн яамнаас мэдээлснээр улс орон даяар зохион байгуулагдсан 110 удаагийн жагсаал цуглаанд нийт 550 мянга орчим хүн, үүнээс нийслэл Парис хотод 110 мянган иргэн оролцсон байна. Харин жагсаалыг санаачлагч Үйлдвэрчний эвлэл болон сурагчдын нэгдлүүд нийт оролцогчдын тоог 800 мянгад хүрсэн гэж үзжээ. Иргэд шатахуун, эрчим хүч, хүнсний бүтээгдэхүүний үнийн огцом өсөлтийг эсэргүүцэхийн зэрэгцээ сургуулийн анги танхимын ачаалал, багш нарын хомстол, цагдаа нарын ширүүн арга хэмжээг буруушаан гудамжинд гарсан юм.
Эсэргүүцлийн цуглаан олон хотод үймээн самуун болон хувирч, Лимож хотын 143 жилийн түүхтэй захиргааны байрыг жагсагчид галдан шатааснаас барилгын дээвэр цөмөрч, нүүрэн талын гуравны хоёр нь сүйдсэн байна.
Түүнчлэн Парис хотын Бүгд найрамдах улсын талбайд хар хувцастай бүлэг этгээдүүд хууль сахиулагчид руу чулуу, салют шидэж, автомашин, хогийн савнуудыг шатаажээ. Үймээн Елисейн ордноос 400 метрийн зайд хүрсэн тул метроны буудлуудыг урьдчилан хаасан бол Марсель, Лион зэрэг томоохон хотуудад захиргааны байгууллагууд руу дайрсан хэрэг гарсан байна.

Жагсаалын үеэр масктай бүлгүүд Парис, Марсель, Бордо, Лилль зэрэг хотуудад электрон бараа, эмийн сан, супермаркет болон тансаг зэрэглэлийн дэлгүүрүүдийг олноор нь дээрэмджээ. Мөргөлдөөний улмаас 150 гаруй цагдаагийн алба хаагч гэмтсэн бөгөөд хоёр алба хаагч ухаангүй болж эмнэлэгт хүргэгдсэн байна. Сент-Этьен хотод 17 настай жагсагч хүү цагдаагийн гранатад өртөж баруун гараа алдсан ноцтой хэрэг гарсан тухай албаныхан мэдээлэв.
Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон нийгмийн дэг журам зөрчсөн этгээдүүдийг хатуу шийтгэхээ мэдэгдэж, Бүгд найрамдах улсад хүчирхийлэлд орон зай байхгүйг онцоллоо. Мөн Ерөнхий сайд Себастьян Лекорню улс төрийн шаардлагыг үймээн самуунаар шийдвэрлэх боломжгүйг анхааруулсан бол Дотоод хэргийн яамнаас одоогоор улс орон даяар онц байдал зарлах төлөвлөгөөгүй байгааг дурджээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.