С.Будрагчаа: Газар өмчлөх эрхээ эдэлсэн сэтгүүлчийг сошиалд зохион байгуулалттайгаар дүүжлэх ажиллагаа эхэллээ
Сэтгүүлч С.Будрагчаа цахим орчинд өрнөөд буй "Eguur.mn" сайтын эрхлэгч, сэтгүүлч Ж.Мядагбадамтай холбоотой газрын маргааны асуудлаар байр сууриа илэрхийлж, тайлбар хийжээ.
Сэтгүүлч С.Будрагчаа:
-"Eguur.mn" сайтын эрхлэгч Ж.Мядагбадамыг сошиал орчинд зохион байгуулалттайгаар "дүүжлэх" ажиллагаа эрчимтэй явагдаж эхэллээ. Түүнийг зуслангийн бүсэд найман нэгж талбар газар авсан, түүнээс 6-7 газар нь нэг өдрийн захирамжаар олгогдсон, эдгээр нь найман тэрбум гаруй төгрөгийн үнэлгээтэй гэж, "газрыг ёстой цөм хийжээ" гэх мэтээр олон нийтэд түгээж байна.
Монгол Улсын иргэн бүр амьдралдаа нэг удаа үнэ төлбөргүйгээр газар өмчлөх хууль ёсны эрхтэй байдаг. Үүнээс гадна үнэ тохирсон нөхцөлд бусдын өмчлөлийн газрыг худалдан авах, мөн өөрийн нэр дээрх газрыг бусдад худалдах нь иргэний бүрэн эрхийн асуудал. Яг одоогийн байдлаар unegui.mn сайт дээр гэхэд 3,420 газар зарна гэсэн зар идэвхтэй байршиж байна.
Иргэд ихэвчлэн 0.05 эсвэл 0.07 га зуслангийн газар дээр хааш хаашаагаа 10х10 метрийн хэмжээтэй байшин барихад л тухайн талбай нь дүүрч, ариун цэврийн байгууламж барих ч зай талбайгүй болдог. Тэгэхээр хүссэн хүсээгүй орчныхоо зэргэлдээх газруудыг худалдан авч тэлэх нь Монголд нийтлэг тогтсон жишиг харилцаа.
Газар худалдагч, худалдан авагч хоёр тал эхлээд худалдах, худалдан авах эсвэл бэлэглэлийн гэрээ байгуулж, заавал нотариатаар батлуулдаг. Гэхдээ нотариатаар батлуулснаар уг үйл явц шууд дуусчихдаггүй. Нийслэлд байгаа тохиолдолд тухайн дүүргийнхээ Газрын албаар дамжиж, бичиг баримт нь шалгагдаад Нийслэлийн газрын албанд нэгтгэгддэг. НГА-нд дүүргүүдээс ирсэн олон иргэний хүсэлтийг нэгтгэж байгаад улиралдаа нэг удаа Нийслэлийн Засаг даргад танилцуулж, нэгдсэн нэг захирамж гаргуулдаг. Захирамж гарснаар л тухайн иргэний нэр дээр газар албан ёсоор шилжиж, баталгааждаг. Хөдөө орон нутагт ч мөн адил нотариатаар батлуулж, газрын даамлаар дамжин бүртгэгдээд сумын Засаг даргын захирамжаар баталгааждаг.
Сэтгүүлч Ж.Мядагбадам өмнө нь газруудыг бусдаас худалдаж авсан гэдгээ өөрөө хэлсэн. Цахим систем (egazar.gov.mn)-д эдгээр худалдан авалтууд нь цаг хугацааны хувьд бүртгэгдэж, дүүрэг болон нийслэл дээр шалгагдан бөөгнөрч явсаар, эцэст нь НЗД-ын нэг л нэгдсэн захирамжид багтаж албажсан хэрэг. Энэ бол төрийн захиргааны хэвийн процессын ажиллагаа. Олон нийтэд нэг өдөр бүх газрыг олгосон мэтээр буруу ташаа ойлгогдож байна гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.