Жүжигчин Рассел Брэндийн бэлгийн хүчирхийллийн хэргийг шүүж эхэллээ
Их Британийн нэрт хошин шогч, жүжигчин Рассел Брэндэд холбогдох бэлгийн хүчирхийллийн хэргийн шүүх хурал Лондон хотын Саутворк эрүүгийн шүүхэд албан ёсоор эхэллээ.
Шүүгч Жоел Беннатаны удирдлага дор тангарагтны бүрэлдэхүүнийг сонгох ажиллагаа явагдсан бөгөөд нийт арван долоо хоног орчим үргэлжлэх төлөвтэй тус шүүх ажиллагааны явцад яллагч тал удахгүй үндсэн нэхэмжлэлээ шүүх танхимд дэлгэхээр төлөвлөөд байна.
Шүүгдэгч Рассел Брэндийг 1999-2009 оны хооронд зургаан эмэгтэйн эсрэг бэлгийн шинжтэй гэмт хэрэг үйлдсэн хэмээн нийт долоон зүйл ангиар буруутгаж байгаа юм. Эдгээрт хүчингийн гурав, бэлгийн халдлагын гурав, ёс бус халдлагын нэг хэрэг багтаж байна. Урьдчилсан сонсголоор түүнийг Хөдөлмөрийн намын чуулганы үеэр зочид буудлын өрөөнд эмэгтэй хүнийг хүчирхийлсэн, телевизийн ажилтны биед халдаж ариун цэврийн өрөөнд бэлгийн харьцаанд орохыг албадсан, радио станцын ажилтныг хүчээр үнсэж, биед нь зүй зохисгүй хүрсэн зэрэг үндэслэлүүдийг танилцуулжээ. Одоогоор батлан даалтад байгаа жүжигчин өөрт тулгасан бүх зүйл ангийг эрс няцааж, гэм буруугүй гэдгээ мэдэгдээд байна.

Тэрээр 2010 оны үед дуучин Кетти Перритэй үерхэж байв
Энэхүү хэргийг анх Британийн "Channel 4" телевизийн "Dispatches" нэвтрүүлэг болон "The Sunday Times" сонин 2023 оны есдүгээр сард хамтран эрэн сурвалжилж олон нийтэд цацсаны дараа Лондонгийн Метрополитан цагдаагийн газар албан ёсоор шалгаж эхэлсэн түүхтэй.
51 настай Брэнд шүүх хуралд хамгаалагчид болон эхнэр Лора Галлахерын хамт ирсэн бөгөөд шүүгч тангарагтны шүүгчдийг сонгохдоо урьд өмнө уг хэргийн талаарх эрэн сурвалжлах мэдээллийг үзэж уншсан хүмүүсийг хасаж, хараат бус бүрэлдэхүүн бүрдүүлэхийг чухалчилжээ.
Рассел Брэнд 2000-аад оны эхээр хошин урлагийн үзүүлбэр, телевизийн хөтлөгч болон "BBC Radio"-ийн нэвтрүүлгээрээ алдаршиж, улмаар Холливудын "Forgetting Sarah Marshall", "Get Him to the Greek" зэрэг инээдмийн кинонуудад дүр бүтээж байв. Гэвч сүүлийн жилүүдэд уламжлалт кино урлаг, телевизийн салбараас зай барьж, АНУ-ын Флорида муж руу шилжин суурьшсан бөгөөд цахим орчинд альтернатив медиа, эрүүл мэндийн зөвлөгөө, хуйвалдааны онол болон шашны үзэл санааг түгээдэг томоохон суваг хөтлөх болсон юм. Тэрээр мөрдөн шалгалтын явцад өнгөрсөн хугацаанд үүсгэсэн бүх бэлгийн харилцаа нь харилцан зөвшилцсөний үндсэн дээр явагдсан хэмээн удаа дараа баталж байжээ.
Хоёр сар гаруй хугацаанд үргэлжлэх уг шүүх хурлын явцад яллагч болон өмгөөлөгч талууд гэрчүүдийн мэдүүлэг, нотлох баримтуудыг дэлгэх бөгөөд тангарагтны шүүхийн эцсийн шийдвэр алдарт жүжигчний цаашдын хувь тавилан, олон нийтийн нөлөөлөлд томоохон хариулт өгөхөөр байна.
Эх сурвалж:
•
• pbs.org
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.