АНУ-ын Six Flags паркын галзуу хулганаас хүн унаж амиа алджээ
АНУ-ын Жоржиа муж улсын Кобб тойргийн Остелл хотод байрлах "Six Flags Over Georgia" цэцэрлэгт хүрээлэнд аравдугаар сарын 12-ны даваа гаргийн үдээс хойш ноцтой осол гарч, нэг хүн амиа алдан, хэд хэдэн иргэн бэртэж гэмтжээ.
Тус хүрээлэнгийн 200 фут (ойролцоогоор 60 метр) өндөр "Goliath" нэртэй галзуу хулгана тоглоом дээрээс эрэгтэй үйлчлүүлэгч унасан харамсалтай явдал орон нутгийн цагаар 16:00-17:00 цагийн хооронд гарсан байна.
Гэрчүүдийн мэдээлснээр эрэгтэй галзуу хулганы суудлаас шидэгдэж, доош унах замдаа тоглоомын төмөр хийцийг мөргөсөн тул газар дээрээ нас баржээ. Кобб тойргийн цагдаагийн газраас мэдээлснээр нэг хүн амиа алдсанаас гадна ослын улмаас дайрагдсан болон шүргэлцсэн дөрөв хүртэлх зорчигч гэмтсэн байна. Ослын голомт болсон "Goliath" галзуу хулгана нь цагт 70 миль (112 км/цаг) хүртэл хурдалдаг, огцом уналттай томоохон аттракционуудын нэг юм.
Ослын улмаас галзуу хулганы хөдөлгөөн гэнэт зогсож, замын өгсөх хэсэгт 15-20 орчим зорчигч өндөрт гацжээ. Паркийн ажилтнууд болон онцгой байдлын аврагчид төмөр хийц рүү авирч, гацсан хүмүүст аюулгүйн хамгаалалтын бүс зүүн явган гарцаар болгоомжтой буулгасан байна. Үүний зэрэгцээ тус хүрээлэнгийн удирдлага аюулгүй байдлыг хангах үүднээс үйлчлүүлэгчдийг талбайгаас бүрэн нүүлгэн шилжүүлжээ.
Цагдаагийн байгууллага хохирогчийн ар гэрийнхэнд мэдэгдэх хүртэл талийгаачийн нэр, нас зэрэг хувийн мэдээллийг нууцалж байгаа бөгөөд тоглоомын техник болон ашиглалтын алдаа гарсан эсэхийг одоогоор эцэслэн зарлаагүй байна. "Six Flags Over Georgia" паркийн төлөөлөгч хохирогчийн ар гэрт гүн эмгэнэл илэрхийлж, хэргийн учир шалтгааныг тодруулахаар мөрдөн байцаагчидтай бүрэн хамтарч ажиллаж байгааг мэдээллээ. Мөн Мэйблтон хотын дарга Майкл Оуэнс эмгэнэл илэрхийлж, тус хотын нийтийн аюулгүй байдлын албаныхан Кобб тойргийн цагдаа болон паркийн удирдлагуудтай нягт уялдаа холбоотой ажиллаж буйг онцолсон юм.
Уг хэргийн шалтгааныг тодруулах албан ёсны шалгалт үргэлжилж байгаа бөгөөд хүрээлэнгийн тоглоомуудын аюулгүй байдлын хяналтыг чангатгах шаардлага үүсэж байна. Мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд тоглоомын бүрэн бүтэн байдал, үйлчилгээний дүрмийн хэрэгжилтэд томоохон дүгнэлт гарах төлөвтэй байна.
Эх сурвалж:
• tmz.com
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.