🔴У.Отгонбаяр: Улс төрийн зорилгоор дархан цаазат газарт гал тавьсан мэт мэдээлэл тарааж байна

AI хөрвүүлсэн
🔴У.Отгонбаяр: Улс төрийн зорилгоор дархан цаазат газарт гал тавьсан мэт мэдээлэл тарааж байна
МЭДЭЭГ СОНСОХ
Chimege AI дуу хоолойгоор бэлтгэсэн аудио хувилбар

Дорнод аймгийн Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн асуудлаар болон түүнтэй холбогдуулан цахим орчинд гарч буй мэдээлэлд УИХ-ын гишүүн У.Отгонбаяр тайлбар өглөө.

УИХ-ын гишүүн У.Отгонбаяр:

-Миний бие өнгөрсөн өдрүүдэд сонгогдсон тойрог болох Хэнтий, Дорнод, Сүхбаатар гэсэн гурван аймагтаа ажилласан нь үнэн. Харин Нөмрөгийн ДЦГ-т гарсан түймрийн дуудлага 2026 оны аравдугаар сарын 8-ны 11 цаг 55 минутад бүртгэгдсэн байна лээ. Тухайн өдөр би Улаанбаатар хотод, УИХ-ын чуулганы хуралдаанд сууж байсан. Чуулганы нэгдсэн хуралдаан тухайн өдрийн 14:00 цагт эхэлсэн. Би 13:40 минутад чуулганы ирцэд орсон байдаг. 

Хил хамгаалах ерөнхий газар (ХХЕГ) болон аймгийн ЗДТГ-аас хамтран зохион байгуулсан Сүмбэрийн отряд дээрх шилэн кабелийн нээлтийн албан ёсны арга хэмжэнд аравдугаар сарын 6-ны өдөр Сүмбэр боомт дээр очиж ажилласан. Арга хэмжээнд "Мобиком", аймгийн ЗДТГ, ХХЕГ бүгд оролцсон. Манай бүс нутаг олон хил боомттой учраас цаашид ОХУ, БНХАУ-тай холбогдох хил гарцыг сайжруулах чиглэлээр олон ажил хийгдэж байгаагийн нэг нь энэ. Би зургааны өдрийн үдээс өмнө Сүмбэр боомт дээр ажиллачихаад аймаг руу хөдөлсөн. Бусад хүмүүс тэндээ үлдсэн. Дараа нь тэдгээр хүмүүс цаашаа Нөмрөг рүү явж, замдаа гал алдсан юм байна гэж ойлгосон.

Би Нөмрөгийн ДЦГ-т амьдралдаа хэзээ ч очиж үзээгүй. Түймэр гардгийн өмнөх өдөр буву аравдугаар сарын 7-ны өдөр Дорнод аймгийн төв Чойбалсан хотод хоёр ч арга хэмжээнд оролцоод, 7-ноос 8-нд шилжих шөнө Улаанбаатар хотод ирсэн. 

Тэр хүмүүс надтай ямар ч хамааралгүй. Бид чинь жоохон хүүхдүүд биш, бие биенээ дагуулж явах тухай асуудал байхгүй. УИХ-ын гишүүнийхээ хувьд тойрогт зохион байгуулагдаж байгаа ажлыг дэмжиж, арга хэмжээнд оролцох нь миний үүрэг. 

Тэд ямар журмаар зөвшөөрөл авч ДЦГ-т орсныг би мэдэхгүй. Хэвлэл мэдээлэл болон цахим сүлжээнээс харахад ХХЕГ-аас чөлөө зөвшөөрлийг нь олгосон юм шиг мэдээлэл гарсан байна лээ.  Хууль хяналтын байгууллага ямар журмаар тийшээ нэвтэрсэн, яагаад түймэр алдсаныг нарийвчлан шалгаж тогтоох ёстой.

Одоогоор тухайн газар байгаль орчны хохирлын үнэлгээг хийж, тэнд явсан хүмүүсээс холбогдох мэдүүлэг тайлбарыг авч байгаа юм билээ. Хамгийн гол нь гал тавьсан эзэн нь тодорхойгүй биш, буух эзэнтэй, буцах хаягтай учраас байгаль орчны үнэлгээг үндэслэн нөхөн төлбөр болон хуулийн хариуцлагыг гарцаагүй хүлээлгэх ёстой. Би энэ хэргийг эцэслэн шийдэгдэж, ямар хариуцлага хүлээлгэх хүртэл нь анхаарч ажиллана. 

Ний нуугүй хэлэхэд зохион байгуулалттайгаар, улс төрийн зорилгоор намайг энэ хэрэгт хамт явж байгаад гал тавьсан мэтээр олон нийтийн мэдээллийн хэрэгслээр маш их гүтгэж байна. Энэ гүтгэлгийг нэн даруй зогсоохыг шаардаж байна гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.