🔴Нөмрөгийн дархан цаазат газрын 79.8 хувь нь галд нэрвэгджээ

AI хөрвүүлсэн
🔴Нөмрөгийн дархан цаазат газрын 79.8 хувь нь галд нэрвэгджээ

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэр болон салбарын цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн нөхцөл байдал, зэрлэг баавгай суурин газарт орж ирсэнтэй холбогдуулан авч буй арга хэмжээ, хууль эрх зүйн шинэчлэл, салбарын ажилтнуудын цалингийн нэмэгдэл болон Эгийн голын усан цахилгаан станцын төслийн явцын талаар танилцууллаа.

БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир:

-Засгийн газрын хуралдаанд Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан гал түймрийн нөхцөл байдлыг танилцуулж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар тодорхой чиглэл авлаа. Аравдугаар сарын 8-ны өдөр Нөмрөгийн ДЦГ-т гарсан гал түймрийг энэ сарын 16-ны өдөр бүрэн унтрааж дууссан. Тус дархан цаазат газар нь нийт 528 мянган га талбайтай. Урьдчилсан байдлаар 468 мянган га талбай буюу нийт нутаг дэвсгэрийн 79.8 хувь нь түймэрт өртөөд байна.

Хохирлыг зөвхөн шатсан талбайн хэмжээгээр хязгаарлахгүй. Ой, агаар, хөрс, газрын хэвлий, ургамал, амьтны аймаг зэрэг бүхий л бүрдэл хэсгээр нь агаараас тандан судлах болон лабораторийн нарийвчилсан шинжилгээ хийж, нэгдсэн тайлан гаргана. Үүний дараа холбогдох хуулийн хүрээнд хохирлыг нөхөн төлүүлэх ажлыг зохион байгуулна. Түймрийн хувьд эзэн холбогдогч нь тодорхой байгаа тул хариуцлага тооцох, хохирол нөхөн төлүүлэхэд цаг хугацаа алдахгүй гэж үзэж байна.

Нөгөөтээгүүр, шатаагүй үлдсэн 20 орчим хувийн талбайд зэрлэг амьтад төвлөрч байгаа бөгөөд улсын хил давсан тохиолдлууд ч гарлаа. Нөмрөгийн ДЦГ-ын дагуух Монгол Улсын зүүн хилд 188 километр газарт торон саад байхгүй тул цаашид уг хилээ торон саадтай болгох шаардлагатай гэсэн асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. 

Өнөөдрийн байдлаар есөн аймгийн хэмжээнд цагдаа, Онцгой байдал, Байгаль орчны газар, ЗӨСҮТ болон анчдаас бүрдсэн 98 хөдөлгөөнт бүлэг үүрэг гүйцэтгэж байна. Нийт 1500 хүн, 150 техник хэрэгсэл, 159 галт зэвсэгтэйгээр улсын хэмжээнд ажиллаж байна. Өнөөдрийг хүртэл нийслэл болон орон нутгаас нийт 1200 гаруй дуудлага давхардсан тоогоор бүртгэгдсэнээс 150 орчим баавгайг аюулгүй болгоод байна. Байгаль орчны яамнаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд дөрвөн багц тендер зарласнаас хоёр багцын шалгаруулалт дуусаж, гэрээ байгуулах шатандаа орсон бол хоёр багцад оролцогч ороогүй байна.

Цаг агаар хүйтэрч байгаа ч зарим баавгай ичихгүй байх эрсдэлтэй гэдгийг мэргэжлийн анчид хэлж байна. Мөн хавар ичээнээс гарах үед идэш тэжээлийн хомстолоос үүдэн дахин суурин газар руу орж ирэх эрсдэл бий. Иймээс дунд хугацааны нарийвчилсан төлөвлөгөө боловсруулж байгаагийн сацуу сүүлийн 40 орчим жил хийгдээгүй баавгайн тоо толгойг тогтоох судалгааг ирэх жил хийхээр бэлтгэл ажлыг хангаж байна. 

Өнгөрсөн долоо хоногт УИХ-аар батлагдсан Төсвийн тодотголын хүрээнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны харьяа Цаг уур, орчны шинжилгээний салбарын ажилтнуудын цалинг нэмэгдүүлэх асуудал шийдэгдлээ. Нийт 2915 төрийн албан хаагчаас төрийн үйлчилгээний 2100 орчим албан хаагчийн цалинг арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс 50 хувиар нэмэгдүүлнэ.

Ингэснээр сум, орон нутгийн цаг уурын өртөөний харуул, техникийн ажилтнуудын үндсэн цалин нэмэгдэж, нэмэгдэл хөлстэйгээ нийлээд дунджаар 1.2–1.3 сая гаруй төгрөгт хүрэхээр болж байна. Манай яамны нийт бүрэлдэхүүний 60 гаруй хувийг эзэлдэг цаг уурчдын цалин хөлсний асуудлыг ийнхүү төсвийн тодотголоор бодитой шийдвэрлэлээ. 

Монгол, Оросын хамтарсан судалгааны баг өнгөрсөн долоо хоногт Эгийн голын УЦС-ын төсөл нь байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн эцсийн дүгнэлтийг гаргалаа. Хамтарсан баг энэ сарын 18-нд ОХУ-ын Шинжлэх ухааны академид тайлан дүгнэлтээ өгнө. Үүний дараа ОХУ-ын Шинжлэх ухааны академи хоёр улсын Засгийн газарт тус судалгааны тайланг албан ёсоор хүргүүлэх юм.

Ингэснээр 1970-аад оноос хойш 50 орчим жил яригдсан байгаль орчинд сөрөг нөлөөтэй, нөлөөгүй гэх маргаан үндсэндээ эцэслэн шийдэгдэж байна. Орос, Монголын эрдэмтдийн судалгаагаар Эгийн гол дээр УЦС барих бүрэн боломжтой, байгаль орчинд хор хөнөөлгүй гэдэг нь нотлогдлоо. ОХУ судалгааны дүнг дэмжиж байгаа тул цаашид Монгол Улсын Засгийн газар уг сэргээгдэх эрчим хүчний томоохон бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх ажил нээлттэй болж байна гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.