🔴Г.Тэмүүлэн: Баригдаж байгаа бүх барилгын мэдээллийг нийтэд ил тод мэдээлдэг болно

AI хөрвүүлсэн
🔴Г.Тэмүүлэн: Баригдаж байгаа бүх барилгын мэдээллийг нийтэд ил тод мэдээлдэг болно

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд мэдээлэл хийлээ. Тэрбээр иргэдийг орон сууцны захиалга, худалдан авалтын залилангаас хамгаалах, барилгын салбарын мэдээллийг ил тод болгох чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ болон хууль эрх зүйн шинэчлэлийн талаар танилцуулав.

ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэн: 

-Засгийн газраас өнгөрсөн долоо хоногт иргэдийн эрх ашгийг хамгаалах, төрд буй мэдээллийг нээлттэй болгох чиглэлээр тогтоол баталсан. Энэ хүрээнд барилгын ажил эхлэхээс ашиглалтад орох хүртэлх бүх үйл явцыг олон нийтэд нээлттэй болгож, иргэд өөрсдөө хянах, баталгаажуулах боломжийг бүрдүүлсэн цахим мэдээллийн санг байгуулахаар ажиллаж байгаа. 

ХЗДХЯ-наас Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл-ийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн УИХ-д яаралтай горимоор өргөн мэдүүлнэ. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 2173 дуусаагүй орон сууц бүртгэлтэй байна. Мэдээлэл ил тод бус байдгаас шалтгаалан захиалгын гэрээтэй холбоотой залилан ихээр гарч байна. Тухайлбал:

  • Барилга угсралтын ажлыг зөвшөөрөлгүйгээр эхлүүлсэн;
  • Дулаан, инженерийн шугам сүлжээний зөвшөөрөл, техникийн нөхцөлөө аваагүй;
  • Зөвшөөрөлтэй ч санхүүгийн хүндрэл, дампууралд орж ажил нь зогссон;
  • Нийслэл, гүйцэтгэгч компани, иргэн хоорондын гурвалсан гэрээ буюу гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд газраа чөлөөлж өгсөн иргэд хохирсон зэрэг олон асуудал үүсээд байна.

Иймд УИХ-ын 2024 оны долоодугаар сарын 2-ны өдрийн тогтоомжийн дагуу төр өөрт байгаа бүх мэдээллийг ил тод болгож, иргэдийн хяналт тавих эрхийг хуулиар хамгаалахаар энэхүү төслийг өргөн барих гэж байна. 

Барилгын зураг төсөл батлагдаж, аймаг, нийслэлийн Засаг дарга барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрөл олгосон цагаас эхлэн сууц бүр нэг бүртгэл, дахин давтагдашгүй нэг QR кодтой болно. Хүнээр бол иргэний үнэмлэх, паспорттой болж байна гэсэн үг. Барилга баригдаж эхлэхээс авахуулаад ашиглалтад орж 30, 40, 50 жил болох, улмаар ашиглалтаас гарч нураагдах хүртэл тухайн сууц зөвхөн энэ QR кодоор бүртгэгдэнэ.

Ингэснээр нэг байрыг олон хүнд давхардуулан худалдах, хуурамч захиалга авах эрсдэл бүрэн хаагдах юм. Иргэд нотариат дээр очиж гэрээ хийх, банкинд барьцаанд тавих зэрэг бүхий л харилцаа уг QR кодоор дамжин баталгаажна.

Мөн төр мэдээллийг нэгтгэн нээлттэй байршуулах бөгөөд хувийн хэвшлийнхэн (тухайлбал ticket.mn, unegui.mn зэрэг цахим платформ хөгжүүлэгчид) эдгээр мэдээллийн санг ашиглан иргэдэд үйлчилгээ үзүүлэх эрх нь бүрэн нээлттэй. Ингэснээр иргэд орон сууц худалдан авах, захиалахдаа уг QR кодыг уншуулан давхар гэрээтэй эсэх, газрын зөвшөөрөлтэй эсэх, норм дүрэм, стандартын дагуу баригдаж буй эсэхийг шууд шалгах боломж бүрдэнэ. Хэрэв хууль ёсны бол ногоон гэрэл асах бол зөвшөөрөлгүй, инженерийн шугамд холбогдоогүй, зураг төсөл нь батлагдаагүй бол улаан сануулга гарч, иргэнийг эрсдэлээс урьдчилан сэргийлнэ.

Улсын хэмжээнд ажиллаж буй 280 гаруй нотариатын товчоод цахимжиж, улсын бүртгэлтэй шууд холбогдсон тул иргэн гэрээгээ цуцлах, өөр орон сууц сонгох, барьцаанд тавих зэрэг бүх хөдөлгөөн цаг, минут тутамд шууд шинэчлэгдэн бүртгэгдэнэ. Түүнчлэн тухайн орон сууцны талбайн хэмжээ, өрөөний тоо, барилгын зураг, кадастр, гэрчилгээ, бүх шатны зөвшөөрөл болон төрийн байгууллага ямар шалтгаанаар тухайн барилгад зөвшөөрөл олгохоос татгалзсан тухай бүх мэдээлэл нээлттэй болох юм.

Зөвшөөрөлгүй, барилгын ажлыг эхлүүлээгүй атлаа зөвхөн зураг үзүүлэн, нэг тоот дээр маш олон иргэнтэй давхардуулан захиалгын гэрээ хийж залилдаг хэлбэр, зөвшөөрөлтэйгөөр эхэлсэн боловч санхүүгийн гачигдал, менежментээс шалтгаалан гацсан барилгууд их байна. Улсын хэмжээнд барилга угсралтын ажлын зөвшөөрөл, гэрчилгээгүйгээр эхлүүлсэн нийт 37 төсөл байна. 

2022 онд Мэргэжлийн хяналтын байгууллагыг татан буулгаснаас үүдэлтэйгээр газар дээр нь хяналт шалгалт хийж, үйл ажиллагааг нь зогсоох, шаардлага тавих бүтцийн хяналт суларсан нь зөвшөөрөлгүй барилгууд борооны дараах мөөг шиг олшрох үндсэн нөхцөл болсон. Асуудалтай барилгуудын 60-70 хувь нь зөвшөөрөлгүй барилга байна гэв. 

Төрийн байгууллагууд мэдээллээ бүрэн нээлттэй болгох хуваарийн талаар сайд дараах мэдээллийг өглөө:

  • Аймаг, нийслэлийн Засаг дарга нар барилгын зөвшөөрөл олгосноос хойш 2-3 хоногийн дотор улсын бүртгэлд мэдээлэл ирж, "E-Mongolia"-д байршина.
  • 11 дүгээр сарын 5 гэхэд зөвшөөрөлтэй бүх барилгын мэдээллийг цахим системд бүрэн оруулна.
  • 11 дүгээр сарын 15 гэхэд зөвшөөрөлтэй болон зөвшөөрөлгүй эхэлсэн, дуусаагүй бүх барилгыг бүртгэлд хамруулна.
  • Улсын бүртгэлийн ерөнхий газраас "E-Mongolia" платформ дээр "Баталгаат байр" цахим мэдээллийн санг үүсгэж байгаа бөгөөд 11 дүгээр сарын 15-нд албан ёсоор ашиглалтад оруулна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.