Япон улс Ангараг гаргийн дагуулуудыг судлах хөлгийг амжилттай хөөргөлөө
Японы Сансар Судлалын Агентлаг (JAXA) Ангараг гаргийн дагуулууд болох Фобос болон Деймосыг судлах, түүнчлэн түүхэнд анх удаа тэдгээрээс дээж авч ирэх зорилготой "Martian Moons eXploration" (MMX) хөлгийг амжилттай хөөргөлөө.
Тус ажиллагаа нь Кагошима мужийн Танэгашима сансрын төвийн талбайгаас 2026 оны аравдугаар сарын 20-ны өглөөний 04:41 цагт эхэлсэн бөгөөд Японы тэргүүлэх H3 зөөгч пуужингийн арав дахь нислэгээр гаргийн хоорондын анхны замыг амжилттай тавьсан байна. Пуужингийн дээд шатнаас 4.2 тонн жинтэй станц саадгүй салж, Ангараг гаргийг чиглэсэн таван жилийн аялалдаа гарчээ.
Уг станц ойролцоогоор арван сарын турш сансрын уудмаар аялж, 2027 оны наймдугаар сард Ангараг гаргийн тойрог замд хүрэх төлөвлөгөөтэй байна. Тэндээ нэг сар саатсаны дараа Фобос дагуулын тойрог замд нэгдэн шилжих юм. Гол хөлөг гадаргуу дээр буухаас өмнө Францын сансрын агентлаг (CNES) болон Германы сансар судлалын төв (DLR) хамтран бүтээсэн бичил долгионы зуухны хэмжээтэй, дөрвөн дугуйт "Idefix" хэмээх жижиг роверыг 40-100 метрийн өндрөөс дагуулын хөрс рүү буулгана. Энэхүү техник нь гадаргын хөрсийг шинжилж, үндсэн аппаратын буух таатай цэгийг урьдчилан судлах үүрэгтэй ажээ.
Үндсэн хөлөг 2030 онд Фобос дээр нэгээс хоёр удаа газардаж, гадаргуу болон хөрсөн доороос дор хаяж 10 грамм хөрсний дээж цуглуулахаар төлөвлөсөн байна. Үүний зэрэгцээ тус гаргийн арай жижиг гадаад дагуул болох Деймосын хажуугаар нислэг үйлдэж, ойрын зайнаас нарийвчилсан ажиглалт судалгаа хийнэ.
Улмаар 2030 оны сүүлчээр Ангарагийн системийг орхин дэлхий рүү буцах аялалдаа гарч, 2031 онд цуглуулсан үнэт дээж бүхий капсул нь Өмнөд Австралийн Вумерагийн хориотой бүсэд газардах хуваарьтай байна.
Энэхүү хөтөлбөр нь гаргийн шинжлэх ухаанд олон жил шийдэгдээгүй байгаа Фобос, Деймос дагуулууд Ангарагийн татах хүчинд баригдсан солирууд уу, эсвэл эрт үед өөр нэгэн биеттэй мөргөлдсөний улмаас үүссэн хэлтэрхий юү гэдэг асуултыг нэг мөр тайлах зорилго агуулжээ. Фобосоос авчрах онгон хөрсийг лабораторид шинжлэх нь нарны аймгийн дотоод бүс дэх ус, дэгдэмхий органик материалын тархалт, амьдрал үүсэх таатай орчин хэрхэн бүрдсэнийг ойлгоход шинэ мэдлэг олгоно. Төслийг JAXA болон Мицүбиши Электрик тэргүүлж байгаа бөгөөд NASA, Европын сансрын агентлаг (ESA) зэрэг олон улсын байгууллагууд судалгааны багаж хэрэгсэл, холбооны техникээр хамтран ажиллаж байна.
Эх сурвалж:
• esa.int
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.