Техаст 53 цагаачийн аминд хүрсэн хэрэгт буруутгагдсан этгээдэд 30 жилийн ял оноолоо
АНУ-ын Техас муж дахь Холбооны тойргийн шүүхээс 2022 онд 53 цагаач амиа алдсан хууль бус хил нэвтрүүлэх хэрэгт оролцсон Гватемал улсын иргэн, 39 настай Ригоберто Рамон Миранда-Орозкод 30 жилийн хорих ял оноолоо.
Тус улсын түүхэн дэх хамгийн олон хүний аминд хүрсэн уг хэрэгт түүнийг хил дамнасан гэмт сүлжээг зохион байгуулалцаж, хүмүүсийг амь насанд нь аюултай нөхцөлд тээвэрлэх ажлыг гардан гүйцэтгэсэн гэм буруутайд тооцсон байна.
Мөрдөн байцаалтын баримтаас үзвэл Миранда-Орозко нь цагаачдыг Гватемалаас Мексикээр дамжуулан АНУ-ын хилээр хууль бусаар нэвтрүүлэх сүлжээний голлох зохион байгуулагчаар ажиллаж байжээ. Тэрбээр ачааны тэргэнд амиа алдсан Гватемалын иргэдээс доод тал нь хоёр хүнийг хил давуулах ажлыг биечлэн хариуцаж байсан нь нотлогдсон юм.
Гэмт этгээдийг 2024 онд Гватемалд баривчилж, 2025 оны гуравдугаар сард АНУ-д шилжүүлэн өгсөн бөгөөд тэрбээр 2026 оны долдугаар сард хүний амь нас хохироосон болон эрүүл мэндэд нь хүнд гэмтэл учруулсан хууль бус хил нэвтрүүлэх хэрэгт буруутай гэдгээ хүлээн зөвшөөрсөн байдаг.
Энэхүү эмгэнэлт явдал 2022 оны зургаадугаар сарын 27-ны өдөр Техас мужийн Сан-Антонио хот дахь Лакланд агаарын хүчний баазын ойролцоо гарсан билээ.
Зуны аагим халуунд агааржуулагчгүй чингэлэг бүхий хүнд даацын автомашинд 64 цагаачийг суулган Ларедо хотоос Сан-Антонио хүртэл 251км зам туулсны эцэст машин эзгүй хаягдсан байдалтай олдсон юм. Агааргүйдэл болон хэт халалтын улмаас хэргийн газарт 48 хүн нас барж, таван хүн эмнэлэгт хүргэгдсэний дараа амиа алдсанаар нийт хохирогчдын тоо 53-т хүрсэн байна.
Амиа алдсан хүмүүсийн дунд жирэмсэн эмэгтэй болон насанд хүрээгүй зургаан хүүхэд байснаас гадна 21 нь Гватемал улсын иргэд байжээ. Чингэлэгт түгжигдсэн зорчигчдоос 11 хүн хүнд гэмтэлтэйгээр амьд үлдсэн түүхтэй.
Уг хэрэгт холбогдох этгээдүүдийг шүүх ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд өмнө нь тус бүлэглэлийн толгойлогч Фелипе Ордуна-Торрес болон хамсаатан Армандо Гонзалес-Ортега нарт бүх насаар нь хорих ял оноосон бол Миранда-Орозко нь шүүхээр ял шийтгүүлсэн гурав дахь этгээд болж байгаа юм.
Сан-Антониод гарсан энэхүү хэрэг явдал нь АНУ-ын өмнөд хил орчмын хүний наймаа, зохион байгуулалттай хууль бус шилжилт хөдөлгөөн ямар их эрсдэл, гарз хохирол дагуулдгийг бэлхнээ харуулсан юм. Холбооны шүүхээс олон хүний аминд хүрсэн гэмт этгээдүүдэд чанга ял шийтгэл ногдуулж байгаа нь хил дамнасан хууль бус сүлжээг таслан зогсоох, хүний амь насаар дэнчин тавьсан наймаачидтай хийх тэмцлийг чангатгаж буйн илрэл болж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.