Ховор ан амьтан
Дэлхийн ихэнх улс орнуудад баавгай суурьшлын бүсэд нэвтэрч хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд нэлээдгүй хэмжээний хохирол учрууллаа гэх мэдээлэл цацагдах болсоор уджээ. Манай улсын хувьд 2026 оны долоодугаар сараас эхлэн энэ төрлийн мэдээлэл мэр сэр цацагдах болсон ч тоймтой арга хэмжээ, сэрэмжлүүлэг мэдээлэл нийтлэгдээгүйг иргэд хэлж байлаа. Нийслэлийн Баянзүрх дүүрэгт хүрэн баавгай хүн рүү дайрч, нэг иргэний амь нас эрсдэн, нэг хүн хүндээр бэртсэн харамсалтай хэрэг 2026 оны 10 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө гарсан. Энэхүү явдалтай холбогдуулан ховор амьтныг хамгаалах болон хүний аюулгүй байдлыг хангах асуудлаар олон нийтийн дунд томоохон маргаан өрнөөд байна.
Жинлээд үзвэл хүний амь нас юунаас ч илүү үнэтэй билээ. Аюул тулаад ирсэн нөхцөлд амь насаа хамгаалж, учирч болох их хохирлоос зайлсхийхийг буруутгах аргагүй юм. Энэ дэлхий дээр зөвхөн хүн төрөлхтөн амьдардаггүй ч гэлээ, хүний амь нас хохирч байснаас бага гай гамшгийг зохицуулсан нь зүйтэй гэдэг байр суурийг олон хүн илэрхийлж байна. Баавгай шууд дайраад ирэхэд "агнаж болохгүй, өр төлбөрт орно" гээд зүгээр үхэж болохгүй нь тодорхой юм.
Баянзүрх дүүрэгт гарсан уг харамсалтай хэргийн дараа иргэд хоёр талцсан байр суурьтай байна. Тодруулбал, зарим иргэд "Нэн ховор, ховор амьтныг устгаж, агнаж болохгүй" гэж үзэж байгаа бол дийлэнх иргэдийн зүгээс "Хүний амь наснаас илүү үнэтэй баавгайн амь нас гэж байхгүй" гэсэн байр суурьтай байна.
Баавгай суурьшлын бүсэд олноор үзэгдэх болсон нь зөвхөн Монгол Улсад төдийгүй дэлхийн олон оронд тулгараад буй томоохон асуудал болоод байна. Тухайлбал, Хойд Америк, Канад, Япон, ОХУ зэрэг улсуудад баавгай суурьшлын бүсэд олноор орж ирж, хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд нэлээдгүй их хэмжээний хохирол учруулж буй жишээ олон бий.
Монгол Улсын Засгийн газрын 2012 оны долоодугаар тогтоолоор нэн ховор болон ховор амьтны жагсаалтыг баталсан байдаг бөгөөд үүнд хүрэн баавгай ховор амьтны төрөл зүйлд багтдаг. Хэрэв ховор гэгдэж байсан баавгайн тоо толгой өсөж, ховор биш болсон бол холбогдох тогтоолын заалтад өөрчлөлт оруулан хасах боломжтой. Гэвч энэ нь хууль бусаар хамаагүй агнахыг зөвшөөрч, бүх баавгайг устгана гэсэн үг биш билээ.
Хуульч, өмгөөлөгч О.Билгүүн:
-Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаар хууль бусаар ан агнах, нэн ховор болон ховор амьтныг агнах, эсхүл улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүй ан хийхийг хориглож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан байдаг. Гэтэл өнөөдөр үүсээд буй бодит нөхцөл байдал нь хот суурин газар буюу суурьшлын бүсэд баавгай орж ирэн хүний амь нас, эд хөрөнгөд бодитой заналхийлж, хохирол учруулж буй явдал юм. Энэ тохиолдолд "ан агнах" гэдэг ойлголт огт яригдахгүй. Баавгай байх ёстой газраа буюу ой хөвчид, хүн байх ёстой газраа буюу гэр орон, хот сууриндаа амьдрах ёстой. Харин баавгай хүний суурьшлын бүсэд, гэр орон руу нь нэвтрэн орж ирвэл түүнийг шууд аюултай нөхцөл байдал үүссэн гэж үзнэ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.3 дугаар зүйлд "Гарцаагүй байдал"-ын талаар хуульчилсан байдаг. Уг заалтаар тулгарсан бодит аюулаас арай бага хохирол учруулах нөхцөлд, өөрийн болон бусдын амь насыг хамгаалах зорилгоор баавгайг устгасан бол гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн ч эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөх эрх зүйн үндэслэлтэй.
Баавгай суурьшлын бүсэд орж ирсэн л бол түүнийг шууд аюултай нөхцөл гэж үзэх ёстой. "Заавал хүн рүү дайраагүй, мал хуй бариагүй тул устгасан нь буруу" хэмээн иргэдийг буруутгаж, ял шийтгэл оноох нь буруу юм.
Нөгөөтэйгүүр, баавгай үзэгдсэн болон гэмт хэрэг, зөрчил, гамшиг аюулт үзэгдэлтэй холбоотойгоор зориуд худал дуудлага мэдээлэл өгсөн тохиолдолд Зөрчлийн тухай хуульд зааснаар иргэнийг 50 мянган төгрөгөөр торгох хуулийн зохицуулалт бий. Гэвч хяналт шалгалтын явцад үнэхээр баавгай тухайн бүсээр өнгөрсөн үү, эсвэл зохиомол ачаалал өгч төрийн ажлыг цалгардуулсан уу гэдгийг тогтоох учиртай. Хэрэв иргэн харанхуйд нохойг баавгай хэмээн буруу харж андуурсан бол зөрчлийн санаа сэдэл байхгүй тул иргэнийг шууд торгох гэж зүтгэх шаардлагагүй гэв.
Хүн нь хэрэгтэй юу, баавгай нь хэрэгтэй юу гэхээс илүү байгаль орчноо хэрхэн зөв авч явах талаар төрийн зөв бодлого, оновчтой менежмент зайлшгүй шаардлагатай байна. Хүн барьж идээд байгаа нөхцөлд бүх хүнийг бариулаад суултай биш, зохицуулалт хийхээс өөр аргагүй. Баавгай нэг төрөхдөө 2-3 ихэр бамбарууш гаргадаг онцлогтой тул хуулиар огт халдаж болохгүй хэмээн хориглоод байхаар толгой нь өсөж, ойдоо багтаж шингэх газаргүй болон хоол тэжээлийн хомстолд орж байна.
Статистик мэдээллээр, 2026 оны 10 дугаар сарын 8-ны байдлаар улсын хэмжээнд нийт 754 удаагийн тохиолдлоор баавгай суурьшлын бүсэд үзэгдлээ, хүн мал руу дайрлаа гэх дуудлага мэдээлэл холбогдох албаныханд бүртгэгджээ. Салбар яамны зүгээс энэ жил баавгайн идэш тэжээл хомстсон гэж үзэн, зөвхөн Өвөрхангай аймгийн нэг суманд ахуйн зориулалтаар 200 тонн самар бэлтгэх зөвшөөрлийг олгосон байна.
Мөн 2026 оны 10 дугаар сарын 7-ны байдлаар хүрэн баавгай хүний амь насанд заналхийлсэн тохиолдолд тухайн баавгайг цагдаагийн байгууллагын хяналт дор устгаж аюулгүй болгох чиглэлийг өгчээ. Ингэхдээ эвш болон бамбаруушийг устгаж, агнаж болохгүй гэх зааварчилгааг тусгасан байна.
Гэвч салбар яамнаас "Баавгайг устгах тохиолдолд хажуудаа заавал гэрчтэй байх ёстой" гэх мэт зохицуулалт ярьж байгаа нь бодит байдалд нийцэхгүй, бүтэхгүй шийдвэр хэмээн иргэд шүүмжилж байна. Амь тулсан, араатан хүн рүү шууд дайрч байхад хажуудаа гэрч суулгаад, бариулах гээд хүлээж байх боломжгүй юм. Иймд хориглосон шийдвэрүүдээ эргэж харж, хууль эрх зүйн хүрээнд засвар оруулж, нэмэлт өөрчлөлт хийх шаардлагатай байна. Түүнчлэн орон нутагт зөвхөн утсаар зааварчилгаа өгч, өрөөсгөл шийдвэр гаргах бус, баавгайн тоо толгойг үнэн бодитоор тоолж, олширсон үед нь мэргэжлийн анчдын тусламжтайгаар зохицуулалт хийх хэрэгтэй гэдгийг онцолж буй юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.