🔴Түрээслээд өмчлөх 45 м.кв байрны сарын төлбөрийг 1.4 сая төгрөг байна
Барилга, хот байгуулалт, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж, "100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт, ипотекийн зээлийн шинэчлэлийн талаар мэдээлэл өглөө.
БХБОС-ын сайд Э.Бат-Амгалан:
-"100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр 2027–2030 онд буюу нийт дөрвөн жилийн хугацаанд хэрэгжинэ. Цаашид 110-120 мянга болгон өргөжүүлэх боломжтой.
Ипотекийн зээл 2013 онд хэрэгжиж эхэлснээс хойш өнгөрсөн 12 жилийн хугацаанд нийт 132.6 мянган өрхөд 9.2 их наяд төгрөгийн зээлийг 6, 8 хувийн хүүтэй олгосон. Гэвч өнөөдрийн байдлаар арилжааны банкуудад 55 мянга орчим иргэний ипотекийн зээлийн хүсэлт хүлээгдэж байна. Мөн Улаанбаатар хотод ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 37 хувь нь гэр хорооллоос орон сууцад шилжсэн буюу 37 мянган иргэн орон сууцтай болсон судалгаа байдаг ч гэр хорооллын яндангийн тоо ердөө 3.5 хувиар буюу таван мянга орчмоор л буурсан байна. 2009 онд Улаанбаатар хотын гэр хороололд 167 мянган өрх байсан бол 2025 оны байдлаар 161 мянган өрх хэвээр байгаа нь өмнөх бодлого бодит үр дүнд төдийлөн хүрээгүй.
Өнгөрсөн хугацаанд иргэдийн өмнө тулгамддаг байсан гол асуудал нь 30 хувийн урьдчилгаа төлбөр цуглуулах хүндрэл байсныг тэмдэглэлээ. Мөн хотын төвд ч, алслагдсан дүүрэг, хөдөө орон нутагт ч адилхан зургаан хувийн хүүтэй нэг л төрлийн бүтээгдэхүүн санал болгож ирсэн нь шүүмжлэл дагуулж байсныг засаж залруулахаар уг хөтөлбөрт тусгасан.
Энэ удаагийн хөтөлбөрийг өнгөрсөн хугацааны алдаа дутагдалд суурилан боловсруулж, төрийн байгууллагуудын уялдаа холбоогүй байдлыг цэгцэлж, Засгийн газар нэг цонхны бодлогоор ажиллана. Өмнө нь Нийслэл, Барилга, хот байгуулалтын яам, аймгууд тус тусдаа төсөл хэрэгжүүлж, уялдаагүй байснаас орон сууцны метр квадратын үнэ өсөх хандлага ажиглагддаг байсныг нэгдсэн бодлогод оруулж байна. Хөтөлбөрийн хүрээнд доод тал нь 50 мянган янданг бууруулж, газар чөлөөлөлт хийхээр зорьж байна.
Сонгон шалгаруулалтын тухайд төр өөрөө ямар нэгэн шалгаруулалт хийхгүй бөгөөд арилжааны банкуудаар дамжуулан ил тод, нээлттэй, шударга зохион байгуулна. Орон сууцжуулалт нь халамж биш тул ажил хөдөлмөр эрхэлдэг, орлоготой иргэдэд чиглэх юм.
Хөтөлбөрийн гол онцлог нь төрийн орон сууцуудыг урьдчилгаагүйгээр, иргэдийн орлогод нийцүүлэн түгээхэд оршиж байна. Мөн зээлийн хүүг бүсчлэлээр ялгамжтай буюу 6, 8, 10, 12, 14, 16 хувь болгож зохион байгуулна. Хотын төвийн өндөр зэрэглэлийн байршилд зээлийн хүү өндөр байх бол орон нутаг, аймгийн төвүүдэд 6 хувийн хүүтэй байх зарчим баримтална. Түүнчлэн өмнө нь ипотекийн зээлийн 70 хувийг нийслэлд, 30 хувийг орон нутагт олгож байсныг өөрчилж, шинээр босгох эх үүсвэрийн 50 хувийг нийслэлд, 50 хувийг орон нутагт тэгш хуваарилахаар тусгажээ.
Нийт 100 мянган айлын орон сууцыг бүрдүүлэх бүтцийг дараах байдлаар төлөвлөсөн байна:
1. Төрийн оролцоотойгоор 40 мянган айлын орон сууц барина: Төрийн эх үүсвэр болон гадаад, дотоодын зээл, тусламжаар бүтээн байгуулна. Үүнд 2026, 2027, 2028 онд ашиглалтад ороход бэлэн 17,408 айлын орон сууц байгаа бол 2028–2030 онд 22,500 орчим орон сууцыг шинээр барина. Төр зөвхөн газар чөлөөлөлт, дэд бүтцийн ажлыг хариуцна. Тухайлбал, "Ногоон нуур"-ын 1008 айлын орон сууцыг газраар сольж, чөлөөлөгдсөн газарт дахин 5-7 мянган айлын орон сууц барих төслүүд бэлэн болно. Ийм замаар 2030 он гэхэд 40 мянган айлын орон сууцыг зах зээлд нийлүүлж, 25 мянган янданг бууруулна.
2. Хувийн хэвшлийн нуруун дээр 60 мянган айлын орон сууц шийдэгдэнэ: Хувийн хэвшлийн барьсан орон сууцуудыг эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд санхүүгийн урт хугацааны эх үүсвэрээр дэмжинэ. Ингэхдээ гэр хорооллоос анх удаа орон сууцад шилжих иргэдийг гол шалгуураа болгох бөгөөд хувийн хэвшлийн байруудаас мөн 25 мянган яндан бууруулахаар уяж, нийтдээ 50 мянган яндан буулгах зорилт дэвшүүлж байна.
Төрийн орон сууцыг борлуулах дөрвөн шинэ бүтээгдэхүүнийг сайд танилцууллаа. Тэрбээр Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас хэрэгжүүлж буй "Солонго 1, 2" хорооллын 5002 айлын орон сууцыг жишээ болгов. Тус орон сууцны нэг метр квадратын үнэлгээ 3 сая 900 мянган төгрөг бөгөөд дундаж 45 м.кв бүхий хоёр өрөө байр 175 сая төгрөгөөр үнэлэгдэж байна. Эдгээр орон сууцанд дараах 4 хувилбарыг санал болгоно:
Нэгдүгээрт, Дан түрээс: Орон сууцны 10 хувь буюу 500 айлыг зөвхөн түрээсийн зориулалтаар ашиглана. Засгийн газрын 81 дүгээр тогтоолын дагуу сарын түрээсийн төлбөр 700 мянган төгрөг байхаар тооцсон. Тухайн байршилд 45 м.кв байрны түрээс 1.2 сая төгрөгөөс дээш байдаг тул залуу гэр бүл, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй зорилтот бүлгийн иргэдэд бодит дэмжлэг болно.
Хоёрдугаарт, Түрээслээд өмчлөх хэлбэр (хоёр сонголттой):
- 20 жилийн хугацаатай: 175 сая төгрөгийг 20 жилд хуваахад сарын төлөлт 720 мянган төгрөг гарна. Түрээсийн төлбөр 700 мянга дээр уг дүнг нэмээд, сар бүр 1 сая 420 мянган төгрөг төлж, урьдчилгаа болон хүүгүйгээр орон сууцаа өмчилнө.
- Таван жил түрээслээд ипотект шилжих: Урьдчилгаа төлбөрөө хуримтлуулж чадахгүй байгаа иргэд 5 жилийн хугацаанд сарын түрээс 700 мянга, урьдчилгааны хуримтлал 860 мянга буюу нийт 1 сая 560 мянган төгрөг төлнө. Ингэснээр 5 жилийн дараа урьдчилгаа нь бүрдэж, ипотекийн зээлд хамрагдах боломж бүрдэнэ.
Гуравдугаарт, Хамтын өмчлөл (Shared mortgage): Энэ нь манай улсад шинээр нэвтэрч буй хэлбэр юм. 175 сая төгрөгийн орон сууцны эхний 50 хувь болох 87.8 сая төгрөг дээр 30 хувийн урьдчилгаа шаардахгүй бөгөөд нийт дүнгийн 15 хувь болох 26 сая төгрөгийг төлөөд байрандаа орно. Үлдсэн 50 хувь дээр түрээслэх эсвэл түрээслээд өмчлөх хэлбэрийг сонгож, сард 900 мянгаас 1 сая 270 мянган төгрөг төлөх замаар ипотекийн зээлээ шат дараатай хааж өмчлөх боломжтой болно.
Дөрөвдүгээрт, Газраар шууд солих: 50 мянган янданг буулгах зорилтын хүрээнд газраа чөлөөлсөн иргэдийг төрийн барьсан орон сууцанд шууд оруулах нөхцөлийг санал болгож байна. Энэ нь утаа, хөрсний бохирдол болон түгжрэлийг сааруулах чухал алхам болно.
Хувийн хэвшлийн орон сууцуудад ч бүсчлэлийн дагуу хүүг тогтоож төвлөрлийг сааруулна. Засгийн газар 2027 онд 16 мянган айлыг ипотекийн зээлд хамруулах эх үүсвэрийг бүрэн бүрдүүлсэн бөгөөд ирэх оны төсөв батлагдсанаар хэрэгжиж эхэлнэ. Үүний 14 мянгыг орон сууцанд, 2 мянгыг нь хашаандаа эрчим хүчний хэмнэлттэй ногоон орон сууц барих иргэдэд зориулна. Одоо жил бүр олгогдож буй 9 мянган зээл дээр Засгийн газрын босгосон энэхүү 16 мянган эх үүсвэр нэмэгдсэнээр нийт 25 мянган өрх жил бүр хөнгөлөлттэй ипотекийн зээлд хамрагдах нөхцөл бүрдэж байна.
Түүнчлэн өнөөдрийн байдлаар арилжааны банкуудад дугаарлаж буй 55 мянган хүсэлт гаргагчийн асуудлыг ердийн хурдаар (жилд 9-10 мянга) шийдвэл 5-5.5 жил шаардагдах байсныг сайд онцоллоо. Үндэсний хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр 2026 онд ашиглалтад орох орон сууцуудад Монголбанктай хамтран давхардлыг (хоёр, гурав дахь байраа авах гэж буй эсэх, эхнэр нөхөр зэрэг хүсэлт өгсөн эсэх) арилгаж, уг 55 мянган иргэний асуудлыг 1-2 жилийн дотор бүрэн шийдэх боломжтой болж байгаа.
Эцэст нь сайд Э.Бат-Амгалан "Солонго 1, 2" төслийн үнэлгээний талаар тодрууллаа. Анх тус төслийн нэг метр квадратын өртөг 4,000,428 төгрөгөөр тооцогдож байсныг Төрийн орон сууцны корпорац болон яамнаас зорилтот бүлэгт нийцүүлэн бодит үнийг тогтоох чиглэл өгсөн байна. Улмаар гэрээний хөнгөлөлт, ханшийн зөрүү, магадлашгүй ажлын зардлуудыг дахин тооцож метр квадратыг нь 3 сая 900 мянган төгрөг болгон бууруулсан бөгөөд холбогдох байгууллагууд ирэх долоо хоногт нарийвчилсан мэдээллийг олон нийтэд өгнө гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.