🔴МҮОНРТ-ийн төсвөөс авдаг татаас 2026 онд 7.8 тэрбум байсан бол 2027 онд 15 тэрбум болж 7.1 тэрбумаар нэмэгджээ

AI хөрвүүлсэн
🔴МҮОНРТ-ийн төсвөөс авдаг татаас 2026 онд 7.8 тэрбум байсан бол 2027 онд 15 тэрбум болж 7.1 тэрбумаар нэмэгджээ

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу төсвийн хэлэлцүүлэг, төрийн мэдээлэл сурталчилгааны зардал, МҮОНРТ-ийн төсвийн өсөлт болон Авлигатай тэмцэх газрын даргыг томилох тухай хуулийн төслийн талаар мэдээлэл өглөө.

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: 

-Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан хэлэлцэгдсэн төсвийн зардлыг танах зарчмын зөрүүтэй саналууд дэмжигдсэнгүй.  

Төсвийн ерөнхийлөн захирагчдын мэдээлэл, сурталчилгааны нийт 9 тэрбум төгрөгийн зардал, МҮОНРТ-ийн өнгөрсөн жилийн төсвөөс даруй 2 дахин шахуу буюу 90 орчим хувиар нэмэгдэж, 15 тэрбум төгрөг болгон оруулж ирсэн 7.1 тэрбум төгрөгийн зөрүү зардал, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай 1998 оны хууль болон түүнийг дагаж гарсан УИХ-ын 103 дугаар тогтоолыг 20 гаруй жил зөрчин төрийн харьяанд ажиллаж буй "Монцамэ" агентлагийн төсөв, Монгол орныг гадаадад сурталчлах нэртэй боловч тайлагнал нь тодорхойгүй, юу хийсэн нь мэдэгддэггүй 300 гаруй сая төгрөг, Контент бэлтгэх нэрийдлээр тусгагдсан 300 гаруй сая төгрөг зэрэг нийт хэвлэл мэдээлэл, сурталчилгаатай холбоотой зардлуудыг төсвөөс хасах санал гаргасан. 

"МҮОНРТ 2026 онд (өнгөрсөн онуудад) долоо орчим тэрбум төгрөгийн төсөвтэй байсан бол энэ удаа 15 тэрбум төгрөг болгож, 90 орчим хувиар нэмэгдүүлэн оруулж ирлээ. Үүнийг би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуультай шууд холбон тайлбарлаж байна. Монголчууд 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн М.Энхболд, Х.Баттулга нарын мэтгэлцээн, 2021 оны сонгуулийг мартаагүй. Тухайн үед Үндэсний олон нийтийн телевиз хэрхэн ажиллаж, ямар асуултууд тавьж байсныг бид мэднэ. МҮОНРТ нь олон нийтийн мэдэх эрхийг хангах гэхээсээ илүүтэй эрх баригчдын—Ардын нам уу, Ардчилсан нам уу хамаагүй—засаглаж буй намынхаа дуу хоолой болдог. Олон улсын байгууллага, ЕАБХАБ-ын мониторингийн дүгнэлтээр ч тус телевизийг улс төрийн сонгуулиар зөвхөн нэг талыг барьж ажилладаг гэж удаа дараа дүгнэсэн байдаг. МҮОНРТ бол үзэгчдээс албан журмаар хураамж авдаг, төсвийн татаас авдаг, дээр нь зар сурталчилгааны орлого олдог хууль зөрчсөн бүтэцтэй байгууллага. Эдийн засаг хүнд байгаа энэ үед аливаа айл өрх, байгууллага орлогодоо тааруулж амьдардаг байтал зарлагаа шууд хоёр дахин өсгөх нь байж боломгүй зүйл. 

 Мөн өмнө нь АТГ-ын даргыг Монгол Улсын Ерөнхийлөгч санал болгож, УИХ-аас томилдог байсныг шөнийн цагаар өөрчлөлт оруулан Ерөнхий сайд санал болгож, парламент томилдог болгосон нь авлигын эсрэг байгууллагыг эрх баригч намаас хараат бус ажиллах боломжгүй болгосон гэж үзэж байна. 

АТГ-т тангараг өргөсөн олон шударга мөрдөгч, эрх зүйч ажиллаж байгаа. Тэднийг төрийн болон улс төрийн дарамтаас чөлөөлөх хэрэгтэй. Миний өргөн барих хуулийн төслөөр УИХ дээр нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, Хууль зүйн байнгын хорооноос шалгарсан таван нэр дэвшигчийг оруулж ирээд, хамгийн өндөр санал авсан нэг хүнийг УИХ-аас АТГ-ын даргаар томилдог болох зохицуулалтыг тусгасан. 

Засгийн газраас "Хэрэв УИХ-аас томилбол одоогийн улс төрийн нөлөөнөөс ангид байгаа байдал алдагдана" гэсэн хариу өгсөн. Хуулийн төслийн саналаа авч дууссан тул УИХ-ын даргад өргөн барихаар цаг авахаар бичгээ өгөхөөр төлөвлөж байна. 

АТГ-ын одоогийн даргыг Ерөнхий сайд асан У.Хүрэлсүхийн үед томилж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хугацааг нь сунгасан. Маш олон хэрэг баримттайгаа дэлгэгддэг ч шалгагддаггүй, гацдаг. Эзэн холбогдогч нар нь эх орноосоо дүрвэн гарсан хойно л араас нь улс төрийн чанартай мэдэгдэл хийдэг байдал газар авсан. Энэ нь удирдлагуудыг буруутгахаас илүү тэд улс төрийн асар их дарамт шахалт дунд байгааг харуулж байна. Тиймээс энэ дарамтаас нь чөлөөлөх хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх ёстой. 

Төрийн байгууллагууд дэргэдээ олон нийттэй харилцах нүсэр бүтэцтэй байна. Өнөө үед төрийн яамд дэргэдээ бүхэл бүтэн редакци, олон тооны "reels" бүтээгч багатай болж данхайсан нь үр ашиггүй зардлыг нэмэгдүүлж буй тул орон тоо, төсвийг нь танах зайлшгүй шаардлагатай. Гэхдээ хэвлэлийн албыг бүр мөсөн татан буулгах биш, төрийн албан ёсны мэдээллийг түгээхэд шаардлагатай вэбсайт админ, гэрэл зурагчин зэрэг цөөн, оновчтой бүтэцтэй байлгах зарчмыг баримтлах ёстой гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.