“Мон-Атом”-ын захирал асан У.Энхтүвшинг юуны учир тагнуулынхан саатуулав
Гадаадын тагнуулын байгууллага, тусгай албатай хамтран ажиллаж байсан хэрэгт холбогдуулан Тагнуулын ерөнхий газрын ажилтнууд өнгөрсөн наймдугаар сард гурван хүнийг саатуулсан талаар бид мэдээлсэн билээ. Тэдний нэг нь төрийн өмчит “Мон-Атом” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан, хуульч, эдийн засагч, иргэний нийгмийн манлайлагч, төрийн бодлогын зөвлөх У.Энхтүвшин (Эндрю) байсныг эх сурвалжууд хэлэв. Түүнийг гадаадын тагнуулын байгууллага, хувь хүнтэй хамтран ажилласан хэрэгт холбогдуулсан аж.
Эх орондоо болон ОХУ-ын Москва хотын бага, дунд сургууль дүүргээд Монголдоо хуульч, эдийн засагч мэргэжил эзэмшсэн, Английн Лондон, Уэльсийн, Японы Нагоягийн их сургуульд хууль эрх зүй, бизнесийн удирдлагын боловсролтой болсон түүнийг хаанахын тусгай албаныхантай хамтарсан хэмээн буруутгаж буй нь тодорхойгүй.
У.Энхтүвшингийн хувьд 1999 оноос эхлэн УИХ-ын цөөнгүй гишүүний зөвлөх, туслахаар ажиллаж байсан аж. Тухайлбал, МАХН-аас төрийн түшээ болсон, сүүлд АН-д элссэн О.Баасанхүүгийн зөвлөхөөр ажиллаж байгаад дээрх компанийн гүйцэтгэх захирлын албан тушаалд томилогдсон нэгэн гэдгийг зарим хэвлэлд тухайн үед бичиж үлдээжээ. Хамгийн сүүлд УИХ-ын гишүүн Д.Ганбатын зөвлөхөөр ажиллах болсон аж.
У.Энхтүвшин цөмийн шинжлэх ухаан, ногоон эрчим хүчний боловсролыг дэмжих зорилгоор 2014 онд Монголын цөмийн нийгэмлэгийг үүсгэн байгуулсан агаад өдгөө тус байгууллага Олон улсын цөмийн эрчим хүчний агентлаг, Дэлхийн цөмийн холбоотой түншлээд буй гэнэ. Мөн тэрбээр “Эдвокейтед интернэшнл” (Advocates in-ternational), “Гроу Монголиа” (Grow Mongolia), “Призон фэллоушип интернэшнл” (Prison fellowship international) зэрэг хүмүүнлэг, хууль эрх зүйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагад илтгэгч, ментор (чиглүүлэгч), зөвлөхөөр ажилладаг хүн аж. Эдгээр байгууллагынхан нь У.Энхтүвшинг хэрэгт холбогдон саатуулагдсанд гайхширч, хянан шийдвэрлэх үйл ажиллагааг анхааралтай ажиглаж буй биз ээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.