Бор-Өндөрийн Засаг дарга асан П.Чинбатыг дахин шалгаж дуусжээ

Бор-Өндөрийн Засаг дарга асан П.Чинбатыг дахин шалгаж дуусжээ

Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Засаг даргаар ажиллаж байсан П.Чинбат, орлогч Д.Отгонцэцэг, “Амейртроп” ХХК-ийн захирал Л.Отгонбаатар, иргэн Ц.Наранцэцэг нарт холбогдох хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн нэмж шалгаж дуусжээ. Тэдэнд холбогдох хэргийг уг нь тус газрын мөрдөгчид 2024 онд шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр болсон ч буцаасан аж.

П.Чинбат, Д.Отгонцэцэг нар эрх мэдлээ урвуулан тус аймгийн Дархан сумын II багийн нутаг, Бор-Өндөр сумын төвөөс хойш 10 гаруй км зайд орших Адгийн хоёрдугаар биет гэх газарт нөхөн сэргээлт хийлгэх нэрийдлээр уул уурхайн тоног төхөөрөмжийн худалдаа, зөвлөгөө өгөх, геологийн суурь судалгаа хийх, худалдаа зуучлалын “Амейртроп” гэх компанитай гэрээ байгуулж, хууль бусаар ашигт малтмал олборлуулан бусдад давуу байдал бий болгосон хэрэгт холбогдсон юм. Уг нь дээрх хоёр албан тушаалтан “Амейртроп” ХХК-ийн захирал Л.Отгонбаатартай 2020 онд хамтран ажиллах гэрээ байгуулжээ. Улмаар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлох боломжийг бүрдүүлсэн хэмээн буруутгагдаж буй гэнэ. Харин иргэн Ц.Наранцэцэг нь нөхөн сэргээлт хийх нэрийдлээр хууль бусаар ашигт малтмал олборлож байжээ.

Ташрамд дурдахад, “Монголросцветмет”-ийн харьяанд байсан Адгийн далд уурхайн нөөц дууссан үндэслэлээр хэдэн жилийн өмнө тус төрийн өмчит компанийн эрх мэдэлтнүүдийн шийдвэрээр хаасан ч нөхөн сэргээлт хийлгэх нэрээр жонш олборлодог гэдгийг нутгийн иргэд баталдаг юм. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.