Дэлхийн хамгийн өндөр гүүр аялал жуулчлалын томоохон төв болон өргөжжээ
БНХАУ-ын Гуйжоу мужид орших дэлхийн хамгийн өндөр байгууламж болох Хуажяны их хавцлын гүүр ашиглалтад орсноосоо хойш 3.3 сая гаруй жуулчин хүлээн авч, олон улсын аялал жуулчлал болон экстрим спортын томоохон төв болон хөгжиж эхэлжээ.
2025 оны есдүгээр сарын сүүлчээр нээгдсэн тус гүүр нь инженерийн онцгой бүтээн байгуулалт болоод зогсохгүй орон нутгийн эдийн засгийг богино хугацаанд эрчимтэй сэргээсэн гол хөшүүрэг болжээ.
Гиннесийн дээд амжилтын төвөөс 2026 оны дөрөвдүгээр сард тус байгууламжийн зорчих тавцанг хавцлын ёроолоос 626.01 метр өндөрт байрлаж буйг албан ёсоор баталгаажуулсан юм. Нийт 2890 метр урттай уг дүүжин гүүр нь урьд өмнө туулахад бараг хоёр цаг зарцуулдаг байсан хавцлыг холбосон бөгөөд зорчих хугацааг ердөө нэг минут гаруй болгон эрс багасгажээ. Ингэснээр S57 чиглэлийн Люжи-Анлун хурдны замын тээвэрлэлтийн үр ашгийг дээд зэргээр нэмэгдүүлсэн байна.
Тус байгууламжийг анхнаасаа аялал жуулчлалын нэгдсэн цогцолбор байхаар төлөвлөн босгосон нь олон улсын анхаарлыг татаж байна. Замын тавцангаас дээш 145 метрийн өндөрт шилэн цахилгаан шатаар хүрэх ажиглалтын тавцан болон кафе ажиллаж байгаагаас гадна хавцлын ёроолоос 580 метрийн өндөрт шилэн явган зам байгуулжээ.
Түүнчлэн 1.26 километрийн урттай усан хоолойгоор хангагддаг усан хөшиг болон лазер гэрлийн үзүүлбэр нь Гиннесийн дээд амжилтад бүртгэгдсэн байна. Орон нутгийн амралтын газрууд бүрэн дүүргэлттэй ажиллаж байгаатай холбогдуулан үзвэрийн талбайн ачааллыг зохицуулахын тулд өдөрт 5000 жуулчин хүлээн авах хязгаарлалт тогтоожээ.
Гүүрний 626 метрийн эгц босоо өндөр нь олон улсын экстрим спорт сонирхогчдыг татах таатай нөхцөлийг бүрдүүлсэн байна. Тухайлбал, 2026 оны аравдугаар сарын 20-нд 19 улс, бүс нутгийн 30 гаруй тамирчин оролцсон шүхрийн үсрэлтийн дөрвөн өдрийн тэмцээн энд зохион байгуулагджээ. Үүнээс гадна дэлхийн дээд амжилт тогтоосон банжи үсрэлт, олсон дээгүүр алхах үзүүлбэр болон параглайдинг хийх байгууламжууд тогтмол үйл ажиллагаа явуулж байна.
Байгууламжийн найдвартай байдлыг хангах үүднээс Чен Цайгаар ахлуулсан инженерийн баг гүүрний аварга ган татлагуудад тусгай мэдрэгч сүлжээг байрлуулжээ. Эдгээр мэдрэгч нь уулархаг бүсийн салхины хүч, татлагын ачаалал, чичиргээг бодит цагийн горимоор тасралтгүй хянаж, ухаалаг системийн тусламжтайгаар урт хугацааны аюулгүй ажиллагааг бүрэн хангаж байгаа гэнэ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.