🔴Дизель түлшний үнэ өснө
Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Шатахууны шуурхай штабын ажлын хэсэг хуралдаж, улсын хэмжээн дэх шатахуун хангамж, нөөцийн нөхцөл байдал болон дизель түлшний үнийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тус штабын мэдээлснээр манай улсын шатахуун импортын хангамж тасралтгүй, хэвийн үргэлжилж байна. Тухайлбал, 10 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар буюу сарын эхний 21 хоногт нийт 42,334 тонн АИ-92 автобензин импортолсноос тухайн 21-ний өдөр 1,620 тонн нь орж иржээ. Өнөөдрийн байдлаар "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн сүлжээнд 57 вагон буюу 3,420 тонн АИ-92 автобензин тээвэрлэгдэж байгаагаас буулгах өртөөнүүдэд 55 вагон буюу 3,300 тонн түлшийг агуулахуудад буулгаж байна.
Улсын хэмжээнд шатахууны нөөцийн үлдэгдлийг авч үзвэл 10 дугаар сарын 21-ний байдлаар:
- АИ-92 автобензин: 21,474 тонн буюу 10 хоногийн ердийн хэрэглээний нөөц,
- АИ-95 автобензин: 1,567 тонн буюу 13 хоногийн нөөц,
- Дизель түлш: 112,800 тонн буюу 28 хоногийн нөөц,
- ТС-1 онгоцны түлш: 7,400 тонн буюу 36 хоногийн ердийн хэрэглээний үлдэгдэлтэй байна.
Мөн 10 дугаар сарын 21-ний өдөр нийслэлийн 118 шатахуун түгээх станц (ШТС)-д 800 тонн, орон нутгийн 63 ШТС-д 680 тонн АИ-92 автобензинийг тус тус ачилтад гарган түгээжээ.
Төмөр замын Сүхбаатар болон Замын-Үүд боомтоор орж ирсэн шатахууныг буулгах өртөөнүүдэд шуурхай хүргэх, гаалийн бүрдүүлэлт хийх, ШТС болон орон нутаг руу тээвэрлэлтийг зохион байгуулах чиглэлээр Гаалийн байгууллага, Тээврийн цагдаагийн алба, УБТЗ болон Ашигт малтмал, газрын тосны газар хамтран 24 цагаар тасралтгүй ажиллаж байна.
Түүнчлэн 10 дугаар сард зуны дизель түлшнээс өвлийн түлшинд шилжих улирлын шилжилт явагддаг бөгөөд үүнтэй холбогдуулан үнэд өөрчлөлт орж байгаа талаар Монополын эсрэг газраас хийсэн хяналт шалгалтын дүнгээс танилцууллаа. Зуны түлшнээс өвлийн түлшинд шилжиж буй энэ үед олон улсын зах зээл дээр дизель түлшний тонн тутмын үнэ ойролцоогоор 20 орчим хувиар нэмэгдсэн байна. Үүнээс шалтгаалан дотоодын зах зээлд өвлийн дизель түлшний үнэ өсөх нөхцөл байдал үүсээд байна.
Харин дотоодын тээвэрлэлт, шилжүүлэн ачих, түгээх, борлуулах зэрэг аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны зардал нэг ч төгрөгөөр өсөөгүй бөгөөд холбогдох байгууллагууд үнийн өсөлтийг аль болох доод түвшинд барихаар хамтран ажиллаж, Монополын эсрэг газраас зах зээлийн судалгаа, хяналтын ажлаа тасралтгүй үргэлжлүүлж байгааг онцоллоо.
Өвлийн дизель түлшний үнийн өөрчлөлт хэзээнээс хэрэгжиж эхлэх тухайд тодорхой нарийн хугацаа хараахан гараагүй байгаа аж. Аж ахуйн нэгжүүд 10 дугаар сараас нийлүүлэгч талуудад өвлийн дизель түлшний захиалгаа өгч, эхнээсээ татан авалт хийгдэж байна. Өнгөрсөн 9 дүгээр сард импортолсон зуны дизель түлшний үлдэгдлийг хуучин үнээр нь борлуулах бөгөөд аж ахуйн нэгжүүд өвлийн дизель түлшээ хүлээн авч, агуулахаас түгээлтэд гаргах хугацаатай уялдуулан ШТС-ууд ээлж дараалан үнийн зохицуулалтаа хийж явах юм байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.