🔴З.Мэндсайхан: Онтрэгийн лицензийг шилжүүлсэн асуудал огт байхгүй
Сангийн сайд З.Мэндсайхан Оюутолгой төслийн ногдол ашиг, "Онтрэ гоулд"-той холбоотой лицензийн асуудал болон Монголбанкны хуримтлагдсан алдагдлын талаар байр сууриа илэрхийллээ.
Сангийн сайд З.Мэндсайхан:
-Засгийн газраас 2027 оны төсвийн төсөлд Оюутолгой төслөөс гурван их наяд төгрөгийн ногдол ашиг авахаар тусгасан. Энэ нь “Рио Тинто” групптэй хийсэн хэлцлийн үр дүнд 2037 оноос эхэлж авах байсан ногдол ашгийг наашлуулан, 2027 оноос авахаар тохиролцсоны үр дүн юм.
Үүнээс нэг их наяд төгрөгийг хуримтлалын санд төвлөрүүлж, иргэн бүрд өгөөжийг нь хүртээх, хоёр их наяд төгрөгийг нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, ялангуяа эрчим хүчний салбарын бүтээн байгуулалт, суурь дэд бүтцийн хөрөнгө оруулалтад зарцуулахаар тусгасан.
Одоогийн мөрдөгдөж буй хууль тогтоомж болон Засгийн газраас өргөн барьсан суурь асуудлыг шийдвэрлэх хуулийн хүрээнд мөнгийг иргэдэд бэлнээр тараана гэсэн ойлголт байхгүй. Иргэдээс авч буй санал асуулга ч зөвхөн энэ хоёр хуулийн зохицуулалтын хүрээнд явагдаж байна.
Засгийн газар Оюутолгой төслийн хувь нийлүүлэгчдийн гэрээг сайжруулах хэлцэлд ямар нэгэн нэмэлт үүрэг хариуцлага хүлээгээгүй, "Онтрэ"-гийн эзэмшлийн Жавхлант, Шивээ толгойн ордын лицензийг Рио Тинтод шилжүүлэх тухай нууц тохироо огт хийгээгүй.
2019 онд хийгдсэн татварын системийн шинэчлэлээр татвар төлөгч өөрөө нэхэмжлэлээ үүсгэн урьдчилж татвар төлөх боломж бүрдсэн. Хэрэв татварын байгууллагаас албан шаардлагаар нэхэмжилбэл гүйлгээний код нь нэгээр эхэлдэг бол татвар төлөгч өөрөө систем дээр нэхэмжлэл үүсгэсэн тохиолдолд гурваар эхэлдэг байна. “Онтрэ” компани татварын системээр дамжуулан 24.3 орчим тэрбум төгрөгийн нэхэмжлэлийг өөрсдөө үүсгэн төлсөн баримттай. Сангийн яам, Татварын ерөнхий газраас ямар нэгэн тооцоолол, нэхэмжлэл гаргаж өгөөгүй.
Хэрэв татвар төлөгч урьдчилгаа байдлаар мөнгө байршуулсан бол тухайн компани өөрөө хүсэлтээ гаргаж буцаан авах эсвэл жилийн эцсийн татварын тайлангаар суутгуулах хуулийн зохицуулалттай. Хэн нэгэн гишүүний улс төрийн шахалтаар төрийн сайд хууль зөрчиж дур мэдэн гүйлгээ хийх эрхгүй. Энэ асуудлыг Засгийн газар УИХ-д оруулахгүйгээр шийдэх ямар ч эрх зүйн үндэс байхгүй гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.