🔴З.Мэндсайхан: Төсвийн хөрөнгө оруулалтаа анхдагч хуультай болгох ёстой
Сангийн сайд З.Мэндсайхан төсвийн хөрөнгө оруулалт, “Оюу толгой”-н ногдол ашиг, нийслэлийн төсвийн зохицуулалт болон 10 аймгийн дулааны цахилгаан станцын асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариулж, мэдээлэл өглөө.
Тэрбээр “Оюу толгой” төслийн ногдол ашгийн тухайд “Бид ‘Рио Тинто’ групптэй ‘Оюу толгой’ төслөөс Монголын төр, ард түмэнд ногдол ашиг хуваарилах асуудлыг дахин бататгасан. Үүний дагуу 2026 оны тайлант хугацаа дууссаны дараа буюу 2027 онд ногдол ашиг хуваарилагдах магадлалтайгаа илэрхийлсэн байгаа” хэмээн тодотгов.
Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай хуулийг зайлшгүй батлах шаардлагатай
УИХ-аар хэлэлцэгдэж буй Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай хуулийн төслийн талаар тэрбээр “Төрийн байгуулалтын байнгын хороон дээр зарим гишүүд энэ хуулийг явуулах ёстой гэсэн байр суурь илэрхийлж байсан. Гэвч уг асуудал одоогоор дэмжигдээгүй байна. Миний зүгээс магадгүй гуравдугаар сарын 15-наас өмнө өргөн барих боломжгүй болж байна гэдэг мэдээллийг өгч байгаа юм.
Төсвийн тодотгол болон төсвийн төслийн хэлэлцүүлгийн үеэр төсвийн хөрөнгө оруулалттай холбоотой шүүмжлэлүүд их гардаг. Төсөвт өртөг өсдөг, хугацаа сунадаг, цагтаа ашиглалтад ордоггүй, зураг төсөв болон магадлалгүй төслүүд төсөвт суудаг, зарим газарт сургууль, цэцэрлэг давхарддаг гэх мэт шүүмжлэл байсаар ирсэн. Засгийн газар эдгээр асуудлыг нэг мөр цэгцэлж, шийдвэрлэх зорилгоор Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай анхдагч хуулийн төслийг боловсруулан өргөн барьсан бөгөөд бид энэ хуулийг цаашид хэлэлцэж, батлах ёстой гэж үзэж байна. Мөн Засгийн газар төсвийн төсөлтэйгөө хамт Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах эрхээ авахаар УИХ-ын тогтоолын төслийг оруулж ирсэн.
Нэг ёсондоо төсвийн хөрөнгө оруулалтаа анхдагч хуультай болгох гэж байгаа юм. Учир нь өнөөдөр авто зам, боловсрол, эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтууд салбар салбарынхаа хуулиар явдаг тул хоорондын уялдаа холбоо алдагддаг. Шинэ хуулийн гол агуулга нь:
Нэгдүгээрт, эх үүсвэрүүдийг тодорхой болгоно. Төсвийн хөрөнгө оруулалтыг дотор нь 5 ангилж өгч байгаа. Жижиг төсөл, нийгмийн шинж чанартай төсөл, том төсөл болон мега төсөл гэж юуг хэлэх, мега болон том төслүүд нь гадаад зээл тусламжаар явах уу, улсын төсвөөс аль хэсэг нь санхүүжих вэ гэдгийг тодорхойлно.
Хоёрдугаарт, төслүүдэд тавигдах цаг хугацааны шалгуурыг өөрчилнө. Өнөөдөр дэд бүтцийн мега төслийн хэрэгжих хугацаа, тавигдах шаардлага нь сургууль, цэцэрлэгийн төсөлтэй яг адилхан явж байна. Эх үүсвэр нь бүгд улсын төсвөөс тул том ч бай, жижиг ч бай бүх төслийг гурван жилийн дотор хэрэгжих ёстой гэж тавьдаг. Тэгээд тухайн жилийн төсвийн боломжоос шалтгаалан авто зам руу их мөнгө тавигдвал сургууль, цэцэрлэгийн санхүүжилт тасарч, хугацаа нь сунан улмаар төсөвт өртөг нь нэмэгддэг. Энэ бүхнийг шинэ хуулиар цэгцэлж өгнө.
Гуравдугаарт, төлөвлөлтөд онцгой анхаарсан. Бид цахим системд бүх бодит өгөгдөл, датаг оруулсан бөгөөд үүнийг УИХ-ын гишүүдэд нээлттэй болгоно. Тухайн сум, аймагт соёлын төв, сургууль, цэцэрлэг шаардлагатай эсэх, өмнөх барилга нь хэдэн онд баригдсан, үнэхээр акт тогтоогдсон уу, тухайн бүс нутгийн хүн амын тоо болон нийгмийн бодит хэрэгцээ ямар байгаа нь ил тод харагдана. Ингэснээр ямар нэгэн худал төлөвлөлт хийх, гишүүд тойрог руугаа төсөв татаж байна гэх хардлага арилна” гэв.
Нийслэлийн төсвийн алдагдал ба хуулийн зохицуулалт
Нийслэлийн төсвийн алдагдлын талаар Сангийн сайд З.Мэндсайхан тайлбарлахдаа: “Нийслэлийн төсвийг шууд алдагдалтай гэж хэлэхэд төвөгтэй. Учир нь Төсвийн тухай хуулийн 57.2-т ‘Орон нутгийн төсөв алдагдалгүй байна’ гэж заасан байдаг ч 57.3-т ‘Өмнөх онд санхүүжүүлж чадаагүй дүнгээр нэмэгдүүлж болно’ гэсэн заалт бий. Аймаг, орон нутаг төсвөө алдагдалгүй баталдаг боловч төсвийн хязгаараас болоод мөнгө нь байсаар атал зарим хөрөнгө оруулалтаа санхүүжүүлж чадалгүй үлдээдэг. Үүнийг дараагийн жилд нь нэмэгдүүлээд тавихаар тухайн дүн нь улсын нэгдсэн төсвийн алдагдал болж хувираад байдаг юм.
Үүний гарцыг гаргахын тулд сая төсвийн тодотголоор орон нутаг дээр 998 тэрбум төгрөгийн орон зайг гаргаж өгсөн. Ирэх онуудын төсвийг дагалдах хуульд нийслэлийн энэхүү хуримтлагдсан хөрөнгө оруулалтууд нь өөрийн орлогын эх үүсвэртэй бол тухайн жилийн төсвийн хязгаарт тооцохгүй байхаар тусгаж байгаа. Орлого нь байгаа тул өмнөх онд олсон орлогыг дараа онд нь дахин орлого гэж хоёр дахин бүртгэж, давхар зарлага үүсгэхгүй байх зохицуулалтыг дагалдах хуульд суулгасан” гэлээ.
10 аймгийн дулааны цахилгаан станцын асуудал
10 аймгийн дулааны станцын төслийн явцын талаар тэрбээр “Энэ асуудлыг Эрчим хүчний яам тооцоо судалгаа хийж шийдвэрлэх ёстой. Засгийн газрын зүгээс Солонгосын зээлээр цааш явах нь цаг хугацаа алдаж, хөрөнгө оруулалт үнэгүйдэх эрсдэлтэй гэж үзээд ‘Оюу толгой’-н ногдол ашгийн тодорхой хэсгээр шийдвэрлэх санал оруулж ирсэн боловч уг саналаа эргүүлэн татсан. Төсөвт суугдаагүй тул энэ төсөл 2027 онд хэрэгжих боломжгүй болж байна.
Солонгосын Эксим банкны зээлээр хэрэгжиж байсан төсөл зогссон шалтгаан нь ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж байсан БНСУ-ын компани эдийн засгийн чадамжгүй болж, дампуурлаа зарласантай холбоотой. Энэ нь Засгийн газраас үүсгэсэн маргаан биш, Солонгосын талд гарсан асуудал. Манай тал гүйцэтгэлийн баталгаа болох 5 хувиа авчихсан, одоо 18 сая ам.долларын урьдчилгаа төлбөрийн асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэхээр явж байна. Эксим банкны зүгээс төслийг үргэлжлүүлбэл төсөвт өртөг өсөх санал тавьсан учраас бид хүлээж авах боломжгүй гэж үзсэн. Шүүхийн процесс, дампуурсан компанийг дахин санхүүжүүлэх эсвэл шинэ гүйцэтгэгч сонгох зэрэгт маш их хугацаа алдаж, баригдсан байгууламж нь үнэгүйдэж, чанараа алдах эрсдэлтэй тул Засгийн газраас хувилбаруудыг санал болгож байсан юм” хэмээн тайлбарлав.
ДЦС-6 болон бусад томоохон бүтээн байгуулалтын талаар
Сайд З.Мэндсайхан үргэлжлүүлэн “Улс орон болон иргэдийн хувьд эрчим хүч, дулааны салбар хамгийн хүндрэлтэй, чухал асуудал болчихоод байна. Тиймээс ‘ДЦС-6’ төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд заавал хэрэгжүүлнэ гэсэн тооцоололтой байгаа.
Бусад төсөл хөтөлбөрүүдийн хувьд эх үүсвэр нь тодорхойгүй байна. Хэрэв саяын хууль батлагдсан бол нийгмийн шинж чанартай бүх тулгамдсан асуудлыг нэг мөр шийдвэрлэх боломж байсан. Гэвч УИХ-ын хэлэлцүүлгийн шатанд хуулийн төслийн үндсэн үзэл баримтлал, агуулга өөрчлөгдсөн. Түүнчлэн ард иргэдээс авсан санал асуулгаар ‘Оюу толгой’-н ногдол ашгийг Хуримтлалын санд төвлөрүүлэх нь зүйтэй гэсэн дүн гарсан тул Засгийн газар уг хуулийн төслөө эргүүлэн татсан” гэлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.